Монгол айл бүр морин хуурынхаа эгшгийг таслахгүй байх эрхэм үүрэг хүлээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-05-08 15:44:51

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Морин хуур” үндэсний анхдугаар чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд боллоо.


Монгол улсын Ерөнхийлөгчийн 2024 оны хоёрдугаар сарын 1-нд гаргасан Морин хуурыг түгээн дэлгэрүүлэх зарлиг гарган, айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт иргэдэд уриалсан. Зарлигийн хүрээнд энэхүү үндэсний чуулганыг зохион байгуулсан бөгөөд чуулганыг угтан мэргэжлийн болон төр захиргааны байгууллагууд, морин хуурчид, хуур урлаачид болон багш судлаачид, хөгжмийн зохиолчид өөр өөрсдийн чиглэлээр хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн юм. Тухайлбал, МУБИС, СУИС, Монгол Улсын Консерватори, Монголын Хүүхдийн ордон, Ерөнхий боловсролын сургуулиуд, нийслэлийн болон орон нутгийн харьяа Соёлын ордны болон хувийн сургалтын төвийн морин хуурын багш нар, мөн БШУЯ, ХНХЯ-ны холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд санаа бодлоо солилцон асуудал, шийдлээ ярьцгаасан.


Харин Үндэсний чуулганы үеэр “Соёлын салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилт”, “Морин хуур ба хөгжмийн зохиолчдын уялдаа холбоо”, “Морин хуур урлал, түүнийг тойрсон асуудлууд”, “Морин хуур-Өнөөгийн байдал” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.




Нацагийн Жанцанноров: Морин хуураараа оюун санааныхаа дархлааг тогтоон барьж байх боломж бидэнд байна


Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын нэрт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров “Морин хуур-Өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр,

-Морин хуур хэмээх үндэсний энэ хөгжимдөө монголчууд аль ч төрийн үедээ хүндэтгэлтэй хандан, дээдэлж ирсэн. 2002 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай зарлиг гарч байсан бол энэ жил мөн Монгол төрийн тэргүүн дахин ийм зарлиг гаргалаа. Манайд мэргэжлийн урлагийн байгууллага тэртээ 1920, 1930-аад оны үед байгуулагдахад л морин хуур тэргүүлэх хөгжим байсан. Бид морин хууртайгаа хэдий ойр байх тусам монгол хүн монголоороо үлдэх, их гүрнүүдийн дунд тогтож үлдэх нэгэн тулгуур шалтгаан нь болно. Улсын Ерөнхийлөгч маань зарлиг гаргаж өрх бүр морин хуураа залж, эгшиглүүлж байхыг уриалж байгаа нь Монгол айл бүр, гал голомт бүхэн үндэсний энэ бахархалт хөгжмийнхөө эгшгийг таслахгүй байх эрхэм үүрэг хүлээж байна гэсэн үг.


Морин хуураараа оюун санааныхаа дархлааг тогтоон барьж байх боломж бидэнд байна. Бид уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж эдийн засгаа бүрдүүлдэг шигээ уртын дуу, морин хуур, бий биелгээ, хөөмийгөө энэ дэлхий хүн төрөлхтний оюун санаанд хүргэж экспортлох хэрэгтэй байна. Энэ бол мөнгө олох тухай асуудал биш, харин морин хуур хөгжмөөрөө дамжуулан монгол хүний нэр хүнд, оюуны их чадамжийг баталгаажуулж байх явдал гэж байлаа.


Г.Ганбаяр: Эхний ээлжинд нэг сургуульд 30-40 морин хуур худалдаж авах тооцоо хийж байгаа


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлигтаа, ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилт бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай заасан. Тэгвэл эндээс, дунд сургуулийн хүүхдүүдэд морин хуурыг зааж сургахад багш нар бэлэн үү, хуур болон анги танхим, сургалтын төлөвлөгөө бэлэн үү гэх мэт асуудал урган гарна. Энэ асуудлаар БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр дараах тайлбарыг өгч байлаа. 

-Сургалтыг албан болон албан бус чиглэлээр явуулахыг зорьж байна. Одоогийн тооцоогоор ЕБС-ийн 4-9 дүгээр ангийн хүүхдүүдэд дуу хөгжмийн хичээлээр нь дамжуулан заан сургахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт, бидэнд сургалтын хөтөлбөр хэрэгтэй. Энэ тал дээр мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахад манай яам бэлэн байна. Мөн багш бэлтгэх, сургалтад ашигладаг морин хууртай болох, сургалтын орчныг бүрдүүлэх гэх мэт олон ажил байна. Дуу хөгжмийн багш нараа давтан сургалтад хамруулах тухай асуудлыг бид ярьж байгаа.


Ирэх жилийн төсөвт БШУ-ны сайдын багцад морин хуур хөгжим худалдан авах асуудал оруулахад ямар стандартаар хийсэн хөгжим авах вэ гэдгээ тогтсон байх ёстой юм байна. Жишээ нь, дөрөвдүгээр ангийн хүүхдэд морин хуурын хичээл заахад ямар стандартын хөгжим сонгосон байх вэ гэдгээ шийдэх хэрэгтэй болоод байна. Эхний ээлжинд нэг сургуульд 30-40 морин хуур худалдаж авах тооцоо хийж байгаа. Мэргэжлийн урлагийн байгууллагын хэрэглэдэг морин хуурыг худалдаж авбал үнэ өндөр, мөн сургалтад тохирох эсэх тухай асуудал бий. Тэгэхээр морин хуур урлаачид болон Соёлын яамтай хамтран стандартаа нэн түрүүнд гаргаж батлахыг зорьж байна.


Ташрамд дурдахад, морин хуурыг түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой асуудлыг 2018 онд одоогийн Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байх үед ярилцаж байсан юм. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дуу хөгжмийн хичээлээр дамжуулан үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний дархлаагаа бэхжүүлэх тал дээр түлхүү ажиллах хэрэгтэй байна. Дэлхий даяаршиж байгаа энэ үед бид бусад улс үндэстнээс ялгарах зүйлсээ товойлгон харуулж байх нь чухал. Үүний тулд морин хуураа хөглөөд тоглочихдог, энэ хөгжмөө хайрлаж дээдэлдэг, өвлөн хамгаалдаг байх тухай ярьж байсан. Өнөөдөр тэр яриа биеллээ олоод эхэлж байгаа нь сайхан байна.

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Цэвэгдорж:

-Морин хуураа эрхэмлэн дээдлэх, түгээн дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг, түүнтэй холбогдон гарсан Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллах тал дээр Соёлын яам анхаарлаа хандуулж ажиллаж байна. Сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд юун түрүүнд сургалтад зориулсан морин хуураа үйлдвэрлэдэг болох ёстой. Үүний тулд хөгжим судлаач, хөгжимчин багш нартай хамтран стандартаа гаргах эхний шаардлага байна. Эхлээд сургалтын орчин нөхцөлөө бүрдүүлчихвэл дараа нь хэн, ямар хөтөлбөрийн дагуу юу заах асуудалдаа анхаарах боломжтой болно. Мөн хүн бүрд тухайлан зааж сургах нөөц бололцоо байхгүй учир гарын авлага бэлтгэн түгээх ажилд Соёлын яам төлөвлөгөө боловсруулан ажиллана.  


Монголын Морин хуур хөгжмийн багш нарын холбооны тэргүүн Морин хуурч Б.Өсөхбаяр:

-Хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулах нь чухал. 4-9 дүгээр ангийн хүүхдүүдэд хуурын хичээлийг нэг стандартын хөгжмөөр заахад бэрхшээлтэй. Бага насны хүүхэд барихад тохиромжтой хуурын стандарттай болох шаардлага урган гарч ирж байна. 2021 онд гаргасан стандарт бий. Тэр дагуу хуур үйлдвэрлэхэд мод материалаас өгсүүлээд өртөг зардал өндөр болно. Тэгэхээр өөр гаргалгаа бүхий стандарт зайлшгүй хэрэгтэй. Алдарт хуурч Г.Жамьянгийн “Морин хуур сурах гарын авлага”-ыг манай багш нар цөм мэднэ. Морин хуурчдын гартаа барьдаг хамгийн чухал бөгөөд хамгийн тодорхой зааж чадсан сурах бичиг. Энэ сурах бичигтэй дүйцдэггүй юм аа гэхэд дөхөж очих хэмжээний уламжлал шинэчлэлээ шингээсэн маш сайн гарын авлага бэлтгэх хэрэгтэй. Үүнийг гардаж хийх ажлын хэсэг мөдхөн байгуулагдах байх гэсэн хүлээлт байна.


Орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд морин хуурын сургалтыг идэвхтэй явуулж буй нийт 65 багш байна. Нийслэлийн сургуулиудад мөн үүнтэй адил тооны багш байдаг юм байна. Хувийн сургалт явуулж буй багш улсын хэмжээнд 26 байна. Улсын хэмжээнд 859 ерөнхий боловсролын сургууль байгаа энэ үед багшаа бэлтгэх том ажил гарч ирж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зарлигтаа:

Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон.



Энэ хүрээнд:

-Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилт бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх,

-Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордонд морин хуурын сургалт явуулах,

-Олон улсад морин хуураа сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхааран, хилийн чанад дахь монгол сургууль, сургалтын төвүүдэд морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах,

-Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын соёлын элч-Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, төсөв, санхүү, материаллаг баазыг нь бэхжүүлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжих,

-Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх,

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулахыг чиглэл болгосон юм.  


Связанные новости