БУЛГАН: Уран бүрхээр уулыг 1965 онд улсын тусгай хамгаалалтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-06-01 15:45:35

Булган, 2024 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун хойш 80 орчим километр зайд, Хөвсгөл явах төв замын баруун талд Уран, Тулга, Тогоо, Жалавч гэдэг унтарсан галт уулс оршдог.


Дөрөв дэх галавын үед оргилж байсан уулс бөгөөд хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ унтарчээ. Уран тогоо уул далайн түвшнээс дээш 1686 метр өндөр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн, 500-600 метр өргөн, 20 метр голчтой, 1.5 метрийн гүн нууртай бөгөөд нуурыг ой мод хүрээлсэн байдаг.


Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтад авчээ.


Тулга, Тогоо, Жалавч уул нь Уран тогоо уулаас урагш 12 км зайтай оршино.


Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулганы гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь далайн түвшнээс дээш 1540 метр.


Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд том хонин тогоо шиг хэлбэртэй.


Тогоо уулын баруун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн амсар баруун тийшээ ганц газраар сэтэрчээ. Тус уул далайн түвшнээс дээш 1560 метр. Үржил шимт хар шороон хөрстэй учир хээрийн ба ойт хээр, уулт хээрийн бүсийн ургамал ургадаг. Шинэсэн ой голлохоос гадна улиас, улиангар, хус ургана. Цагаан төмс, мангир, хонгорзул, алтанзул, алтан гагнуур, тайжийн жинс, далан түрүү, үхэр гоньд, хунчир, хөвөн оройт, монгол туйплан зэрэг эмийн болон хүнсний ургамал, хавтуул, хурган засаа, үнэгэн сүүл, хонхон цэцэг, бэр цэцэг, хазаар өвс зэрэг ургамал ургана.


Буга, аргаль, бор гөрөөс, гахай, янгир, тарвага, зурам, бор туулай, хөвдийн бор оготно зэрэг ан амьтад бий. Ятуу, бор шувуу, ууль, харцага, хөхөө, өвөөлж байдаг ба Уран тогооны нууранд ангир ирж зусдаг. Энэ бүс нутагт могой элбэг байдаг. 


Байгалийн дурсгалт цогцолбор хэмээх тодорхойлолтод орсон Уран тогоо уулын орчимд эрт цагаас хүн нутаглаж байсны тэмдэг болох хүн чулуу, хиргисүүр элбэг ажээ.

Связанные новости