Хөрөнгийн биржийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлах санал гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭТөрийн өмчит компаниудын 70 хувь нь алдагдалтай ажилладаг учраас ашигт ажиллагааг сайжруулахгүй бол хувьчлал хийхээс өөр аргагүй хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн 7 хоногт мэдэгдсэн.
Тэгвэл Сангийн яам 2017 оны төсвийн төсөлд Хөрөнгийн биржийг хувьчлах нь зүйтэй гэсэн саналыг тусгаад буй аж. Тодруулбал Хөрөнгийн биржийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлах санал гаргажээ.
Тус бирж нь хагас жилийн үнэлгээгээр 5 тэрбум 450.5 сая төгрөгийн хөрөнгөөр үнэлэгджээ. Эргэлтийн хөрөнгө нь 913.6 сая төгрөг бол үндсэн хөрөнгийн үнэлгээ 3 тэрбум 956.5 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна. Хөрөнгийн биржийн орлого буурч, зардал өссөнийг “MIT” системийг суурилуулсантай холбоотой гэх мэргэжилтнүүд бий.
Оны эхний хагас жилийн байдлаар Хөрөнгийн бирж 613.2 сая төгрөгийн алдагдалтай ажилласан үзүүлэлт гарчээ.
Дашрамд дурдахад өмнөх Засгийн газрын үед буюу 2014 онд Хөрөнгийн биржийн хувьчлалын саналыг тавьж байсан юм.
Б.Заяа