Шинэ төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах урьдчилсан судалгааг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-14 09:14:36

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн, 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн.


Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн үзүүлэлтүүдийг гаргахаар “Популоус Холдингс” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатарт иржээ.


Тус компанийн төлөөлөгчид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдалтай танилцаж, урьдчилсан судалгаа шинжилгээ хийх юм. Уг компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин “Улаанбаатар хотын шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га талбайд дөрвөн улирал ашиглах зориулалттай буюу нээгдэж, хаагддаг дээвэртэй, доороо авто зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудалтай байхаар төлөвлөнө. Манай байгууллагын хувьд, цаг уур, газар зүйн онцлогоороо монгол оронтой адил, эрс тэс уур амьсгалтай хотуудад цэнгэлдэх хүрээлэн байгуулж байсан. Тухайлбал, Шинэ Зеландад 35 мянган хүний суудалтай, ОХУ-ын Сочи хотод өвлийн Олимп болсон 40 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг тус тус байгуулж байсан арвин туршлагатай” гэдгийг онцлов.


Түүнчлэн “Популоус Холдингс” компани нь АНУ-ын Лас Вегас хотын “Дэ Спэрэ Вегас”, Их Британийн нийслэл Лондон хотын “Уэмбли”, “Тоттенхэм Хотспур” зэрэг цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргажээ.

Связанные новости