Улаанбаатарт маргаашаас дөрвөн өдөр дараалан бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-24 10:43:02

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Маргаашаас төвийн аймгуудын нутгаар, энэ сарын 28-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.


Тодруулбал, энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.


Тухайн бүс нутгийн голуудын үерийн аюулын түвшин нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна. Тиймээс иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгой байдал болон цаг уурын албаныхан зөвлөж байгаа юм.


Улаанбаатар хотын хувьд өнөөдөр 20:00 цаг хүртэл үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 25-27 хэм дулаан байна. Харин маргаашаас эхлэн 28-ныг дуустал дөрвөн өдөр дараалан бороотой байх аж. Агаарын температурын хувьд шөнөдөө 11-13, өдөртөө 19-24 хэмийн дулаан байх төлөв гарчээ. 

Связанные новости