Инсик Жан: Гадаад дахь иргэдийнхээ сонгох эрхийг хангаж байгаа нь онцлох зүйл юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-06-28 13:26:41

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт, үйл явцыг ажиглахаар манай улсад Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны нарийн бичгийн дарга Инсик Жан тэргүүтэй төлөөлөгчид ирээд байна.


Төлөөлөгчид Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, СЕХ-ны гишүүдтэй уулзсан юм. Инсик Жан уулзалтын үеэр хэлэхдээ, “Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо 120 гишүүн оронтой. Энэ жил тэдгээрийн 100 орчим улсад нь сонгууль болж байна. Мөн түүний нэг нь Монгол Улс. Бид Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглаж байна. Хэд хэдэн онцлох давуу зүйл байна.



Гадаад дахь иргэдээ сонгуульд оролцуулж саналыг нь авсан нь тэдний сонгох эрхийг хангасан үйл явдал юм.



Гадаадад байгаа иргэдээ оролцуулж саналыг нь авсан нь тэдний сонгох эрхийг хангасан үйл явдал гэж дүгнэж байна. Нэг ёсондоо Монгол Улс гадаад дахь иргэдийнхээ сонгох эрхийг хангаж байгаа нь онцлог зүйл юм. Гадаад улсад байгаа сонгогчид ч их идэвхтэй оролцож саналаа өгчээ. Бид Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагааг ажигласнаа гишүүн орнуудтайгаа хуваалцана. Бидний хувьд Монгол Улстай хамтран ажиллахад таатай байдаг” гэлээ.


П.Дэлгэрнаран: Ардчилсан сонгуулийн стандартыг мөрдөхөд олон улсын ажиглагчдын дүгнэлт, зөвлөмж их ач холбогдолтой



СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран уулзалтаар хэлэхдээ, сонгуулийн үйл явц дахь олон улсын байгууллагуудын ажиглалт нь харилцан туршлага солилцох, шинэ арга технологийг нэвтрүүлэх гол механизм юм гэдгийг онцлов.


Дэлхийн сонгуулийн байгууллагаас гадна манай улсад энэ удаагийн парламентын сонгуулийг ажиглахаар Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага Ардчилсан институт, хүний эрхийн газраас өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй ирээд байна. Энд парламентын гишүүн, шинжээч, мэргэжилтнүүд багтаж байна.  

Ажлын хэсэг олон улсын шаардлага, ардчилсан зарчим, үндэсний хууль тогтоомжид нийцэж буй эсэх талаар мониторинг хийгээд үүгээрээ буюу үр дүнгээр тайлан гаргаж, дүгнэлт, зөвлөмж өгдөг. Эдгээр нь манай улсын үндэсний хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох, сонгуулийн тогтолцоог сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Энэ нь бидний хувьд хамгийн гол баримтлах бичиг баримт нь болно гэв.


Нэмж мэдээлэхэд, Монгол Улс 2012 онд Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 57 дахь гишүүн болсон юм. Тус байгууллага манай улсын 4 удаагийн сонгуулийн үйл явцыг ажиглан тайлан гаргаж иржээ. 

Связанные новости