БУЛГАН: БНСУ-ын “Шинхан” их сургуульд энэ жил 45 оюутан суралцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-08-08 11:29:55

Булган,2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнги аймгийн Шинхан их сургуульд суралцагчдад аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон сумын удирдлагууд  сургалтын тэтгэлгийн батламжийг гардуулж, хариуцлагын гэрээ байгууллаа.


БНСУ-ын Кёнги аймгийн Шинхан их сургуульд 2023 онд 100 хувийн тэтгэлэгтэй 20 оюутан элсүүлж байсан бол 2024 онд 100 хувийн тэтгэлэгтэй 20 элсэгч, 25 хувийн тэтгэлэгтэй 25 элсэгч, нийт 45 оюутан батламжаа гардан авч, ирэх 9 сард БНСУ-д суралцахаар боллоо.

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинхан их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 16 сум, нэг тосгоноос суралцах болзол хангасан сурагчид болон сумдын Засаг дарга, эцэг эхчүүдтэй гурвалсан гэрээ байгуулж, хоёр дахь жилдээ ийнхүү батламж гардууллаа.


Хамтын ажиллагааны санамж бичигт дурдсанаар жил бүр Булган аймгийн оюутнууд “Кёнгидо Шинхан” их сургуульд аялал жуулчлал, гадаад харилцаа, хөдөө аж ахуй, соёл урлаг спорт, эрүүл мэнд, байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес удирдлага, макро эдийн засгийн чиглэлээр суралцуулахаар Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, тус сургуулийн ерөнхий захирал Жонг Жин Кён нар гарын үсэг зурсан билээ.











Связанные новости