Олон нийтийн зөвлөлөөс АТГ-т зөвлөмж өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-10-12 15:24:19

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс авлигатай тэмцэхэд ил тод байдлыг хангах асуудлаар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргаснаа өнөөдөр АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалд гардуулан өглөө.

Уг зөвлөмжид, АТГ-ын байранд иргэд чөлөөтэй нэвтэрч, тус байгууллагаас авах шаардлагатай зөвлөгөө, туслалцаа, баримт мэдээлэл авах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагааныхаа талаар тогтмол хугацаанд иргэдэд үнэн зөв, бодитой мэдээлэл өгөх, “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн төв”-ийг дэргэдээ байгуулах, АТГ-т байгаа баримт, мэдээ сэлтийг “Авлигын талаарх мэдээллийн нэгдсэн цахим сан” болгон эмхлэх, хуулиар хориглосноос бусад мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй тайлагнах зэрэг асуудлыг тусгажээ.

Мөн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд дэлгэрэнгүй задаргаатайгаар нийтэлж хэвших, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай мэдээллийн нээлттэй байдлыг хангах шаардлагатай гэсэн байна. 

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал зөвлөмжийг хүлээн аваад “Бид авлигатай тэмцэх чиглэлээр стратегийн өөрчлөлт хийе гэсэн эрмэлзэлтэй ажиллаж байгаа. УИХ-ын дарга М.Энхболд намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж батлах тухай онцолсон. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт авлигатай тэмцэх чиглэлээр тодорхой заалтууд орсон. Төр, засгаас авлигатай тэмцэх чиглэлээр ийм тодорхой хүсэл зоригтой байгаа цаг үед авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг оролцуулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох, иргэдийн хяналт тавих чиглэлээр Олон нийтийн зөвлөлөөс зөвлөмж өгч байгаад сайшаан хүлээн авч байна. Зөвлөмжийг хэрэгжүүлж иргэд, олон нийтийн оролцоо, хяналтыг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно” гэлээ.

Н.Туяа

Связанные новости