БУЛГАН: Чин Ван Ханддоржийн түүхийг нууцалсан Цонхлон хайрхан уул
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Тусгаар тогтнолын нууцыг хадгалсан "Цонхлон хайрхан" ууланд Чин ван Ханддорж нуугдан сууж, Хятадын эсрэг тэмцлээ эхлүүлсэн гэдэг.
"Цонхлон хайрхан" нь Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумын заагт Эг-Сэлэнгийн бэлчир, Хужирын голын адаг тушаа орших байц хадан цохио бүхий уул юм.
Оройдоо өрх, тогоотой, тэнд баячуудын мөнгөн сан хөмрөг байдаг гэсэн домог буй. Энэ ууланд Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, сайн эрс орогнож, үйл хэргээ бүтээж байжээ. Жишээ нь: Чин ван Ханддорж 1911 онд Хаант Оросоос буцаж ирэхдээ энэ ууланд нуугдаж, олон үйл хэргээ амжуулсан байдаг.
Энд хоёр агуй бий. Нэг дэх нь уулын оройгоос 30 орчим метрийн дор баруун урдаас зүүн хойд зүг рүү чиглэсэн 20 орчим метр уулын хэсгийг нэвтэлж гарсан агуй. Хоёр дахь агуй нь эхнийхээс 10 орчим метрийн доор, дотроо 2х2х2,5 метр хэмжээтэй чанх урагшаа харсан цонхтой агуй. Цонхны хэмжээ 60х35 см. Хоёр дахь агуйн амсар дээрээс Эг-Сэлэнгийн бэлчир дагуух газар бүрэн харагдана.
Цонхлон уулын оройд гол овооноос гадна гурван жижиг овоо байна. Хаврын эхэн сарын шинийн наймны өдөр Сэлэнгэ, Хялганат, Орхон аймгаас иргэд ирж, сар шинийнхээ идээ, цагааны дээжийг өргөдөг заншил сүүлийн жилд тогтоод байна.
1924 онд хошуудыг сум болгон задлахад одоогийн Сэлэнгэ сумын газар нутаг болох Бухын голын биед байгалийн цогц үзэсгэлэнтэй энэ уулын нэрээр Цонхлон сумыг байгуулсан нь Сэлэнгэ сумын түүхэн эхлэл юм. 1959 онд Цонхлон сумын Их эхлэлт нэгдэл задарч, багууд нь Бугат сум руу, нөгөө хэсэг нь одоогийн Сэлэнгэ сум, Чойбалсангийн нэрэмжит Ингэттолгойн САА руу хуваагдан тасарсан байдаг. Цонхлон сум нь түүхэн үйл явцдаа Бухын голд хоёр удаа буйр хатгаж, тухайн цаг үедээ томоохон сумдын тоонд багтаж байжээ.