БУЛГАН: Эв нэгдлийн их цагаан суваргыг шинэчлэн бүтээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-08-30 17:05:40

Булган, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол улсад хамгийн өндөр 38 метр Эв нэгдлийн их цагаан суварга Түшээт ханы музейг Булган аймгийн төвд нээлээ. 


Нээлтэд Наро банчэн гэгээн, Жадо Ринбүчи багш, Гандантэгчилэн хийдийн 50 лам хувраг оролцон, номын айлдвар өргөж, 1024 алтадсан бурхныг амилууллаа.


Энэ бол зөвхөн суварга төдийгүй, цаашид төсөл хэлбэрээр үргэлжлүүлэн аялал жуулчлалын цогцолбор, шашин соёлын төв, галерей, музейг багтаасан гадаад, дотоодын жуулчдыг татах хэтийн зорилготой.


Булган аймгийн нутаг, хуучнаар Дашчойнхорлин хийдэд Дайчин Чин Ван Ханддорж, Монгол орны хамгийн том Их цагаан суваргыг 1904 онд бүтээж эхэлсэн байна. Тухайн үед 1905 оны модон могой жилийн долоодугаар сард Дээрхийн гэгээнтэн XIII Далай лам Монголд 7 сар морилон саатахдаа Их цагаан суваргыг аравнайлан адисалсан юм.


Түүнчлэн суварга босгосон газар нь алдарт Дандар Агарамба заларч Дээрхийн гэгээнтэн XIII Далай лам болон Дандар Агарамба нар хоёр биедээ шавь орсон, номын барилдлагатай байсан гэдэг.


Ийнхүү Монголын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн эрхмүүд гар, бие, сэтгэл зүрхээ шингээн бүтээн босгосон 32 метрийн өндөртэй Их цагаан суварга хэлмэгдүүлэлтийн үед сүйдсэн байсныг Булган аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн, “Сод Монгол групп”-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазар өөрийн санаачилгаар 2021 онд дахин бүтээж эхэлжээ.


Эв нэгдлийн Их цагаан суваргыг шинэчлэн 38 метрийн өндөртэй бүтээсэн нь Азид тавдугаарт, дэлхийд зургаадугаарт өндрөөрөө эрэмбэлэгдэж байна.


Их цагаан суварга нь зөвхөн шашны төдийгүй танин мэдэхүйн хувьд Уран зургийн галерей, Оройн дээдийн адислалд үзмэр, 1024 алтан бурхны чуулганыг багтаасан шашин соёлын төв болж байна.


Энэхүү суваргыг бүтээхэд Далай багшийн номын сахиус болох Балдан Лхам сахиус, Цэрэг дайны аюулаас сахих мэсийн хөө хуяг Лхам бурхны сахиусан хүрд, Бурхан багшийн шарил эрдэнэ Дээрхийн гэгээнтэнд хуурмаггүй нандин хадгалагдаж буй арвиддаг Бурхны ринсэл, Бурхан багшийн алтадсан нигууртай суумал дүр, Далай багшийн ордноос бүтээдэг маанийн үрэл болон Далай багшийн бүтээдэг Пүрэв бурхны бүтээлийн Рашааны үрэл асар нандин, ховор шүтээнүүдийг илгээсэн байна.


Их цагаан суваргын нээлтэд зориулж Төв гандан хийдийн лам нар ном хурахаас гадна Наро банчэн гэгээн, Жадо Ринбүчи багш, Монголын шашны томоохон төлөөлөл гэгээнтнүүд оролцож, ном хурахаар онгоцоор энэхүү суваргаа гурван удаа гороолон тойрч газардахад сүсэгтэн олон бишрэн хүлээн авлаа


Улс, аймгийн цолтой 64 хүчит бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат улсын начин Энхбатын Сумьяабат 6 даван түрүүлж, Улсын харцага Золбоот үзүүрлэлээ.


Эв нэгдлийн Их цагаан суваргын нээлтийн үеэр буюу 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 13-ны хооронд Богд хааны ордон музейгээс “Оройн дээдсийн адислал” үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байна. “Оройн дээдсийн адислал” үзэсгэлэнд хаан хатны ямбаны хувцас эдлэл хэрэглэл, ховор цутгуур, “Хааны хачин” цуглуулга тэргүүт нийт 40 үзмэр дэлгэв.   


Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Л.Гүрсэдийн тусгаар тогтнол, эх орон, байгалийн сэдэвт 30 бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ. Л.Гүрсэд нь 1944 онд Булган аймгийн Тэшиг суманд төрж, 1963 онд нийслэлийн V дунд сургуулийг, 1967 онд Багшийн дээд сургуулийн Уран зургийн ангийг уран зураач мэргэжлээр төгссөн байна. Түүний бүтээлүүд ихэвчлэн эх орончдын гавьяаг мөнхжүүлсэн утга агуулгатай, мөн эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх, хувьсгал, хөрөг зураг, аж байдлын сэдэвтэй байдаг.


Мөн артист зураач Ц Халиуны шинэлэг мэдрэмж өнгөлөг орчин эрч хүчийг бэлэглэх бурхан шашны сэдэвт 10 уран зураг тавьжээ.  


Сүсэгтэн олны дунд хандивын сугалаа зохион байгуулж, шилдэг азтан “Приус-40” автомашин, 3 ширхэг мотоцикл болон бусад шагналын эзэд тодорсон байна.



























Связанные новости