Авлигын эсрэг олон улсын өдрийг ирэх сарын 9-нд тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог билээ. Энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид буюу олон нийтийг хамруулан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
Авлигын эсрэг олон улсын өдрийг дэлхий нийтээр тэмдэглэхдээ, авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенц болон үндэсний хууль тогтоомжоор хүлээсэн үүргүүдийг нийгэмд таниулдаг. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар энэ жилийн хувьд авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан авлигатай тэмцэх үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг, хяналтыг бий болгоход анхаарч байна. Гааль, татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, худалдан авах ажиллагаа, эрүүл мэнд, боловсрол, уул уурхай, нийгмийн халамжийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийхийн зэрэгцээ орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн хяналт, оролцоог хангах талаар онлайн сургалтыг хийж байгаа. Олон улсын өдрөөр “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилт” сэдвээр хэлэлцүүлэг, авлигын нөхцөл байдал ба авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах асуудлаар онол практикийн бага хурал болон эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан, оюутан сурагчдын дунд парламентын мэтгэлцээн, гар зураг, эссе бичлэгийн уралдаан зохион байгуулна гэж АТГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан