"Тесла" компани хиймэл оюун ухааныг сургах супер компьютер бүтээж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ОСТИН, 2024 оны наймдугаар сарын 28 /hightech/. Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Тесла” компани хиймэл оюун ухааныг /АI/ сургах, автомат жолоодлогын технологийг хөгжүүлэхэд ашиглах супер компьютер бүтээж байгаа талаар компанийн гүйцэтгэх захирал Илон Маск X хуудсандаа мэдээлжээ.
Нийгмийн сүлжээнд байрлуулсан дүрс бичлэгтээ тэрбээр супер компьютерын тоног төхөөрөмжийг байрлуулсан "Кортекс" супер кластерыг танилцуулжээ. “Тесла”-гийн “Гига Техас” үйлдвэрийн ойролцоо байрлах уг байгууламжид нийт 130 МВт-ын хүчин чадалтай 70 000 АI сервер ажиллах бөгөөд 2026 он гэхэд супер компьютерын хүчин чадлыг 500 МВт болгож нэмэгдүүлэх ажээ.
"Кортекс" нь хиймэл оюун ухааны загваруудыг сургах “Тесла”-гийн хамгийн том супер кластер болох ёстой юм. Энд 50 мянган “Nvidia H100” тооцоолох хурдасгуур, компанийн өөрийн үйлдвэрлэсэн 20 мянган хурдасгуурыг суурилуулах ажээ.
Шинэ кластерыг ашиглалтад оруулах хугацааг “Тесла” одоогоор зарлаагүй байна.