БАЯНХОНГОР: Нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-09-20 12:51:54

Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/280 дугаар тушаалаар баталсан “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам”-ыг үндэслэн үнэлгээний ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.


Энэ судалгааг үндэсний хэмжээнд гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Баянхонгор аймгийн хувьд 2024-2025 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 32 сургуулийн 1875 сурагчийг хамруулах юм.


Хүүхдийн сургуульд элсэн суралцахад шаардлагатай чадвар, дадал, хандлага, хөгжлийн онцлог, ялгаатай байдлыг тогтоох, сургалтын хөтөрбөрийн хэрэгжилтийг үнэлэх, цаашид суралцахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох, мөн сургууль, цэцэрлэгийн залгамж холбоог бэхжүүлэхээр тус үнэлгээг хийж байгаа юм.


Судалгааг хөгжим, биеийн тамир, нэгдүгээр ангийн бүлгийн багш нар зохион байгуулах бөгөөд судалгааны үр дүнг үндэслэн багш нарын өөрийн арга зүй, заах аргаа тодорхойлж, төлөвлөх боломж бүрдэнэ.


Нэгдүгээр ангид шинээр элсэн суралцаж буй суралцагчдын мэдлэг, чадвар, дадал, хандлагын түвшнийг тодорхойлох, үнэлгээний явцад зөвлөн туслах, арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургуульд бэлтгэгдсэн байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэх судалгааны ажилд БЕГ-ийн мэргэжилтэн Б.Баярмаа, Боловсролын газрын СӨБ хариуцсан мэргэжилтэн Н.Ариунболор, бага боловсрол хариуцсан мэргэжилтэн О.Будхүү нар хамтран ажиллаж байна.

Связанные новости