МХЕГ-ын цахим систем ААН-үүдийн үйл ажиллагааг хөнгөвчилнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХяналт шалгалтын мэдээллийг аж ахуй нэгжүүдэд түргэн хүргэж, тэдний үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилготойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас /МХЕГ/ “Шилэн хяналтын цахим систем”-ийг нэвтрүүллээ.
Уг систем нэвтэрснээр МХЕГ-аас хийсэн шалгалтын дэлгэрэнгүй мэдээлэл, цаашид явуулах үйл ажиллагааны удирдамж, зөвлөмж зэрэг мэдээллийг цахимаар хүлээн авах боломжтой болж байна. Өнөөдөр тус системийг нийслэл, 21 аймгийн аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болон мэргэжлийн хяналтын газрын байцаагчидад танилцуулах сургалт боллоо.
МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү “2009 онд Дэлхийн банкнаас МХЕГ-т хийсэн шалгалтаар манай улсын мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа дэлхийн стандартаас хоцорсон гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс үйл ажиллагаагаа сайжруулахын тулд энэхүү системийг нэвтрүүлж байна. Энэ систем нь цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй. Энэ оны сүүл гэхэд 2017 онд аж ахуй нэгжүүдэд хийх шалгалтын хуваарийг цахим системд байршуулна. Ингэснээр аж ахуй нэгжүүд хэзээ мэргэжлийн хяналтын шалгалтаар орохоо мэдэх боломжтой” гэв.
Аж ахуй нэгжүүд шалгалттай холбоотой асуулт, санал, гомдлоо цахим системээр дамжуулан илгээж болох аж.
Г.Даваамаа