Аварга том “аймшгийн шувуу”-ны шилбэний яс олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-11-04 17:28:31

МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /ТАСС/.  Эртний амьтдын чулуужсан ясны цуглуулгад байсан “аймшгийн шувуу”-ны ясны үлдэгдлийг олон улсын палеонтологичдын баг олж илрүүлсэн байна. Энэхүү “аймшгийн шувуу” нь тухайн жигүүртний бүлийн шувуудын дотроос хамгийн том биетэй нь бөгөөд биеийнх нь овор хэмжээ бусдаасаа 5-20 хувиар илүү ажээ. Энэ тухай Жон Хопкинсын их сургуулийн хэвлэлийн алба мэдээллээ.


“Энэ шувуу өнөөгийн Колумб улсын нутаг дэвсгэрт 12 сая орчим жилийн өмнө миоценийн эрин үед амьдарч байсан. Түүний шилбэний ясан дээр хэд хэдэн шүдний ором байсан нь эртний аварга том кайман загасных байж магадгүй. Энэ загасны биеийн хэмжээг тооцож үзвээс, “аймшгийн шувуу” чухамдаа шилбээ хазуулсны улмаас үхсэн байх магадлалтай" гэж тус их сургуулийн доцент Шиван Кук ярьж байна.  


“Аймшгийн шувуу” гэдэг нь өнөөгийн Өмнөд ба Хойд Америкийн нутагт 43 сая жилийн өмнө үүссэн Phorusrhacidae гэдэг жигүүртний бүлийн аварга том биетэй шувууг хэлдэг ажээ. Уг шувууны хамгийн том нь 350 кг жинтэй, өндөр нь 3 м байсан гэнэ. Хамгийн сүүлчийн “аймшгийн шувуу”-ны төрөл зүйл харьцангуй саяхан буюу 100 мянган жилийн өмнө устаж үгүй болсон гэж үздэг.


Балар эртний үеийн амьтдын чулуужсан яснуудыг цуглуулдаг Сесар Пердомо гэдэг Колумбын нэгэн музейн эрхлэгчийн хувийн цуглуулга дотроос судлаачид аварга том шувууны үлдэгдэл ясыг олсон байна. Одоогоос 20 орчим жилийн өмнө Пердомо уг шувууны шилбийг олсон боловч жилийн өмнөөс л эрдэмтэд уг ясыг анзааран сонирхох болжээ. Ингээд судлаачид Колумбын Виллавьеха хотод нээгдсэн Пердомогийн музейд зочлох үеэрээ гурван хэмжээст сканераар шилбэний ясны зургийг авсан бөгөөд компьютерын загварчлал хийсний дараа уг чулуужсан яс нь “аймшгийн шувууны” үл мэдэгдэх нэгэн төрөлд хамаардаг болохыг тогтоогоод, уг шувууны өндөр нь 3,2-3,6 м байсан гэж үзжээ.


Гэхдээ Пердомогийн цуглуулгад аварга том шувууны ердөө ганцхан ширхэг яс байсан учраас түүний хувьслын үйл явцыг тодорхойлох боломжгүй байгаа юм. Цаашдаа Колумб улсад хийхээр төлөвлөж буй малтлагын явцад аварга жигүүртний өөр бусад үлдэгдлийг олсноор түүний ерөнхий дүр төрх, амьдарч байсан орчныг нь тодорхойлох боломжтой гэж судлаачид найдаж байна.  

Связанные новости