Үүдэл эс ашиглан өвчтөнд хараа оруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /naukatv/. Японы Осакагийн их сургуулийн эрдэмтэд дахин программчилсан плурипотент үүдэл эсээс (induced pluripotent stem cell, iPSC) ургуулсан нүдний эвэрлэг бүрхүүлийн хучуур эдийг шилжүүлэн суулгах мэс заслыг хийснээр эвэрлэг бүрхүүл нь гэмтсэний улмаас хараагүй болсон өвчтөнд хараа оруулжээ.
Эвэрлэг бүрхүүлийн ирмэг дээр ажиллаж буй үүдэл эсүүд алдагдсанаар хараа муудахад хүргэдэг хүнд өвчнийг "лимбал үүдэл эсийн дутагдал" (limbal stem cell deficiency, LSCD) гэж нэрлэдэг ажээ. Ердийн үед лимбал эсүүд нь эвэрлэг бүрхэвчийг нөхөн сэргээдэг боловч тэдгээр нь байхгүй үед эвэрлэг бүрхэвчийн хатуурал үүсэж, улмаар хараа мууддаг байна.
Шилжүүлэн суулгах мэс засал хийхийн тулд эрдэмтэд iPSC үүдэл эсээс эвэрлэг бүрхүүлийн хучуур эдийг (iCEPS) ургуулсан байна. Судалгаанд лимбал үүдэл эсийн дутагдалтай дөрвөн өвчтөн оролцжээ. Эрдэмтэд эвэрлэг бүрхэвчнээс хатуурсан эдүүдийг авсныхаа дараа ургуулсан хучуур эдээ суулгасан байна.
Мэс заслын дараа хоёр жилийн турш үргэлжилсэн хяналтын явцад ноцтой гаж нөлөө илрээгүй бөгөөд бага зэргийн хүндрэлүүд үүссэнийг хожим нь урхаг үлдээхгүйгээр эмчилсэн байна. Хяналтын явцад гурван хүний өвчин нь илүү хүнд хэлбэрт шилжсэний дараа эргээд илаарширчээ. DLSC-ийн илүү хүнд хэлбэрээр өвдсөн нэг өвчтөн нь эхэндээ сайжирсан боловч жилийн дараа өвчин нь дахисан байна. Одоо бүх өвчтөний хараа мэдэгдэхүйц сайжирчээ.
iCEPS -ийг шилжүүлэн суулгах мэс засал нь эвэрлэг бүрхэвчийг нөхөн сэргээгээд зогсохгүй хараа оруулдаг болохыг эрдэмтдийн судалгаа туршилт харууллаа.
Уг судалгааны талаарх өгүүлэл "The Lancet" сэтгүүлд нийтлэгджээ.