Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-11-15 11:09:27

НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ханш огцом чангарч байгаагаас шалтгаалан алтны үнэ сүүлийн найман долоо хоногийн хамгийн доод түвшин руу урууджээ. 


Эл үнэт металлын ханш сүүлийн дөрвөн хоног дараалан унасны дараа 11 дүгээр сарын 14-нд тогтворжжээ. Пүрэв гарагт Сингапурт нэг унц алт 2556.71 ам.доллар, Чикагогийн барааны бирж дээр 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ нэг унц нь 2562.3 (-0.94%) ам.доллар байв.


11 дүгээр сарын 13-ны лхагва гарагт “Bloomberg Dollar Spot” индекс 2022 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрчээ. Уг индекс ийнхүү өссөн нь сонгуульд ялсан Дональд Трампын дэвшүүлсэн санал санаачилгуудыг хэрэгжүүлснээр АНУ-ын эдийн засаг өсөж, компаниудын ашиг нэмэгдэнэ гэсэн зах зээлийн хүлээлттэй холбоотой юм. Доллар ба алтны ханш харилцан урвуу хамааралтай байдаг. Америкийн мөнгөн тэмдэгтийн ханш сулрах үед алтны үнэ өсдөг бол ам.доллар чангарах үед алтны үнэ эсрэгээрээ унадаг. Доллар чангарснаар ихэнх худалдан авагчдын хувьд ам.доллароор үнэлэгдсэн бүтээгдэхүүнүүд илүү үнэтэй болдог.



Связанные новости