Ангараг дээр ус байгааг тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /phys.org/. Олон улсын эрдэмтдийн баг "Лафайет" солирыг судалснаар Ангараг гараг дээр шингэн төлөвт орших ус байгааг нотлох нотолгоог олжээ.
Ойролцоогоор 11 сая жилийн өмнө Ангараг гаргаас шидэгдсэн “Лафайет” солирт шингэн устай харилцан үйлчлэлд орсны дүнд үүссэн эрдэс бодисууд агуулагдаж байгаа ажээ. Эдгээр эрдэс бодис нь 742 орчим сая жилийн өмнө үүссэн болохыг тогтоосон байна. Улаан нүдэн гаргийн галт уулын хайлмаг идэвхжиж, гадаргуугийнх нь доорх мөс хайлснаар уг гараг дээр ус бий болсон гэж судлаачид таамаглаж байгаа юм.
Эрдэс бодисуудын насыг тодорхойлохын тулд гаргийн гадаргуу дээр болсон физик, химийн процесс явагдсан он цагийг тогтоодог гелий, неон, аргон зэрэг инерт хийнүүдийн аргыг ашиглажээ. Уг солир дэлхийтэй мөргөлдөх үед үүссэн сансрын туяа зэрэг гадны хүчин зүйлүүдийн улмаас олж авсан мэдээлэл нь гажуудсан эсэхийг эрдэмтэд шалгасан байна.
Мөн "Лафайет" солир дахь усны нөлөөгөөр үүссэн эрдэс бодисууд нь уг солир Ангарагийн гадаргуугаас шидэгдэхээс өмнө үүссэн болохыг тогтоожээ. Судлаачид насыг нь тодорхойлсноос гадна Ангарагийн гүний мөс хайлснаар шингэн устай харилцан үйлчлэлд орсон болохыг баталж чадсан байна.