“Монголын тогтвортой санхүүгийн форум-2024"-ыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-11-22 12:24:42

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Монголын тогтвортой санхүүгийн форум-2024” энэ сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна.

 

Уг форумаар бодлого боловсруулагчид, зохицуулагч байгууллагууд, хувийн хэвшил болон иргэний нийгмийн төлөөлөл зэрэг салбар бүрийн ногоон хөгжлийн түүчээлэгчид зэрэгцэн сууж, өөрсдийн хийж буй ажил, түүний үр дүн, тулгамдаж буй бэрхшээлүүдээ нээлттэй хэлэлцэн, цаашдын алхмуудаа тодорхойлон, бүх талуудын хамтын ажиллагааг бэхжүүлдэг. Энэ сарын 28-нд Төрийн ордонд болох үндсэн хэлэлцүүлгээр хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх боломжуудыг тусгайлан хэлэлцэнэ.

 

Үндсэн форумаас гадна банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан олон улсын туршлагаас суралцах, мэдлэг мэдээллээ гүнзгийрүүлэх сургалтуудыг энэ сарын 27, 29-ний өдрүүдэд зохион байгуулах ба эдгээр нь нөлөөллийн хөрөнгө оруулалт, биологийн олон янз байдлын санхүүжилт, уур амьсгалын тайлагнал зэрэг сэдвийг хамарч буйгаараа онцлог юм. 

 

Гурав дахь жилдээ зохион байгуулах тус форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо), ХААН банк, Монгол Улс дахь НҮБ болон олон улсын түншлэгч байгууллагууд дэмжиж ажиллах аж. 

Связанные новости