"Хариуцлагатай аялцгаая" мэдээлэл сурталчилгааны II аяны нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-11-22 17:33:22

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. "Хариуцлагатай аялцгаая" мэдээлэл сурталчилгааны хоёрдугаар аяны нээлт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нээлтийн үеэр хэлэхдээ “Монгол иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, визгүй зорчих боломжийг бүрдүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг юм. Зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр гадаад улсуудтай хийж буй яриа хэлэлцээний үед тавигддаг үндсэн шаардлага нь иргэд гадаад улсад зорчихдоо визэнд заасан зорилго, хугацааг зөрчихгүй байх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх гэсэн хувь хүний хариуцлагын асуудал байдаг. Гаднын улс оронд ажиллаж амьдарч байгаа болон зорчиж байгаа нэг монгол хүний хариуцлагагүй үйлдэл нь мянга мянган нутаг нэгтнийхээ, тэр дундаа ойр дотны хүмүүсийнхээ эрх ашгийг хохироож байдаг. Иймд гадаад улсад визгүй зорчих нөхцөл шалгуурыг хангахад иргэдийн өөрсдийнх нь оролцоо, ухамсар, хариуцлага туйлын чухал” хэмээн тодотгосон юм.


АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган “Сүүлийн жилүүдэд АНУ-д зочлох хүсэлтэй монгол иргэдийн тоо улам бүр нэмэгдсээр буй.  Өнгөрсөн 12 сарын хугацаанд манай ЭСЯ-ны Консулын хэлтэс 18 мянган монгол иргэнд виз олгосон байна. АНУ-д зорчоод хилээр гарсан болон буцаж ирээгүй монгол аялагчдын түүх дараа дараагийн хүмүүсийн виз олголтод ихээхэн нөлөөлдөг. Зарим хүн визний хугацаагаа хэтрүүлэх, тэр дундаа АНУ-д зөвшөөрөлгүй ажиллаж амьдрах нь зөвхөн өөрт нь төдийгүй тэдний гэр бүл, найз нөхөд, элэг нэгт хүмүүст сөргөөр нөлөөлдөг гэсэн үг. Учир нь, тухайн улс хууль ёсоор тодорхой хугацаанд зорчих виз олгож байгаа нь тэрхүү визтэй хамтатган тухайн иргэнд итгэл үзүүлж байгаа хэрэг юм. Тиймээс монголчууд АНУ болон бусад улс руу зорчих явдлыг хялбаршуулахын тулд хариуцлагатай зорчих шаардлага хүн бүрт тавигдаж байна” гэлээ.


БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон “Монгол Солонгос хоёр улс 1990 онд дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа улс төр, нийгэм соёлын салбарт эрчимтэй хөгжиж байна. Хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж байгаагийн цаад шалтгаан нь иргэд хоорондын солилцоо юм. Өнгөрсөн жил 140 мянган монгол иргэн БНСУ-д, манай улсын мөн тооны иргэн Монгол Улс руу зорчсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болоод буй. Зөвхөн энэ жил гэхэд манай улсын 180 мянган иргэн танай улс руу зорчсон байна. Нөгөөтэйгүүр 57 мянган монгол иргэн солонгост аж төрж байна. Энэ нь хоёр улсын иргэд харилцан хариуцлагатай аялах шаардлагатай болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, зорчиж буй улсынхаа хууль дүрэм, соёлыг хүндэтгэж байж хариуцлагатай аялах боломжтой” гэсэн юм.

 

Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран тус улсын виз мэдүүлэх, виз авсан иргэдийг АНУ руу зорчихдоо визийн хугацаагаа хэтрүүлэхгүй, визийн зорилгодоо нийцүүлэн аялахыг уриалсан “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяныг 2017 оны аравдугаар сард эхлүүлж, улмаар 2018 онд БНСУ-ын ЭСЯ уг аянд нэгдэж байв. Аяны хүрээнд хүргэсэн сурталчилгааны ажлууд иргэдэд тодорхой хэмжээгээр хүрч, иргэдийн хариуцлага ухамсар нэмэгдэж, визийн хугацаа хэтрүүлэх зөрчил буурсан үр дүн гарч байсан аж.

 

 

 

Связанные новости