Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэхээр тогтов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-08 18:42:39

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Энэhoo хуулийн зорилт нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталж, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулж байна. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн байдалд дотоод, гадаадын байгууллагаас өгсөн үнэлгээ, зөвлөмжийн дагуу Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.

Энэ үеэр гишүүд хэлэлцэж буй асуудлыг тодруулж, асуулга тавьсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан вакцины асуудлыг тодруулсан. Гишүүний асуултад ажлын хэсгийн зүгээс, “Шүлхийн вакцинаас бусад вакцинийг Биокомбинат улсын үйлдвэрийн газарт чанартай үйлдвэрлэж байна. Харин шүлхийн вакцинийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн байгууллагаас нийлүүлдэг. Эрсдэлд суурилж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж байна” гэсэн хариултыг өгсөн. Гишүүдийг асуулт асууж дууссаны дараагаар хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад хуулийн төслийг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжив.

Б.Туул

Связанные новости