Мозамбикт “Чидо” шуурганы улмаас 34 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-12-18 11:59:00

МАПУТУ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /DW/. Францын Майотт аралд эвдрэл сүйрэл учруулсан “Чидо шуурга Мозамбикийг дайран өнгөрсний улмаас 34 хүн амиа алджээ.


Мозамбикийн Эрсдэл, байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний хүрээлэнгээс мягмар гарагт мэдээлснээр, шуурганы улмаас 300 гаруй хүн гэмтэж бэртэж, 23 600 орчим байшин барилга нурж, 170 загас агнуурын завь эвдэрч сүйдсэн байна. Улсын хэмжээнд 175 мянга гаруй хүн шуурганд нэрвэгджээ.


Чидо шуурга ням гарагт Мозамбикийн хойд нутгийн Кабу-Делгаду мужийг дайран өнгөрсний улмаас 28 хүн, мөн Нампула, Ниасса мужид зургаан хүн амиа алдсан байна. Аврах багийнхан их хэмжээний хохирол хүлээсэн газруудад ажилласаар байна.


Майоттад хөл хорио тогтоожээ

Энэтхэгийн далайд оршдог Майотт арлын эрх баригчид мягмар гарагт хөл хорио тогтоожээ. Өмнө нь албаны хүмүүс Чидо”-гийн аралд учруулсан хохирлыг цөмийн дэлбэрэлттэй зүйрлэж байлаа.


Одоогийн байдлаар Майоттад амиа алдагсдын тоо албан ёсоор 21 байгаа боловч эрх баригчид болон аврах албаныхан амь эрсэдсэн хүмүүсийн эцсийн тоо хэдэн зуу, цаашлаад хэдэн мянгаар тоологдож болзошгүй хэмээн үзэж байна.


Дээрэм тонуул гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хориог орон нутгийн цагаар 22:00 цагаас эхлэн тогтоосон гэж Дотоод хэргийн яам мэдэгджээ. Майотт бол Францын харьяаны нутаг дэвсгэр нэг юм.

Связанные новости