ХӨВСГӨЛ: Мөрөн сумын шилдэг хүүхдүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, өсвөр үеийнхний авьяас чадвар, давуу тал, ололт амжилт, үлгэр дуурайллыг алдаршуулах зорилгоор жил бүр оны шилдэг, манлайлагч хүүхдүүдийг шалгаруулж урамшуулдаг билээ.
Энэ жил 8 хүүхдийг тодруулан шагнаж урамшууллаа.
Сурлагын амжилтын төрөлд Дэлгэрмөрөн сургуулийн 9г ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн, урлаг, уран бүтээлийн төрөлд “Титэм” сургуулийн 10а ангийн сурагч Э.Бадамзул, оюун ухааны спортын төрөлд “Дэлгэрмөрөн” сургуулийн 1д ангийн сурагч О.Энхгэрэл, биеийн тамир, спортын төрөлд “Титэм” сургуулийн 12а ангийн сурагч Л.Оюумаа шалгарлаа.
Мөн техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдлын төрөлд “Гурван-Эрдэнэ” сургуулийн 12б ангийн сурагч Т.Эрдэнэбат, Монгол ёс, түүх, соёлын өвлөн уламжлагч төрөлд “Эрдмийн далай” сургуулийн 8в ангийн сурагч О.Мандахнаран, хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс төрөлд “Сод-Эрдэм” сургуулийн 11б ангийн сурагч Э.Хандсүрэн, байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд “Ирээдүй 21 дүгээр зуун” цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч Ө.Солонго нар шалгарлаа.
Шагналыг Мөрөн сумын удирдлагууд гардуулж, хүүхэд тус бүрийг өргөмжлөл, 500,000 төгрөгөөр шагнаж, урамшууллаа.