ХӨВСГӨЛ: Сургуулийн ойролцоох явган хүний гарцыг лед гэрэлтэй болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Мөрөн хотод сургуулиудын өмнөх явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулж эхлээд байна.
Хамгийн их хөдөлгөөнтэй, төв зам дагуу байрлалтай сургууль, цэцэрлэгийн ойр орчимд орчин үеийн дэвшилтэт лед гэрлэн гарц хийснээр орой үдшийн цагаар хүүхэд болоод иргэд гэрэлт гарцаар аюулгүй зорчих нөхцөл бүрдэж байна.
Гэрлэн гарцыг сургууль, цэцэрлэг орчмын нийт 10 байршилд тавих юм.
Тодруулбал, Ирээдүй ерөнхий боловсролын сургууль, Авьяас ерөнхий боловсролын сургууль, Мөнгөн үсгийн хойд уулзварт, 8 дугаар цэцэрлэгийн зүүн талд, 1 болон 3 дугаар цэцэрлэгийн голын төв замд тавина.
Мөн бөмбөгөр спортын ордны урд, Эрдмийн далайн бага сургууль, Гурван-Эрдэнэ ерөнхий боловсролын сургууль, Сод-Эрдэм ерөнхий боловсролын сургуулийн баруун хойд уулзвар, Титэм сургуулийн чанх урд зэрэгт хийх юм.
Тус аймагт өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 2 хүүхэд амиа алдсан
харамсалтай тохиолдол бүртгэгджээ.