Батлан хамгаалах яам 2025 оныг “Эх оронч-Их сэргэлтийн жил” болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайдын 2025 оны эхний өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдааныг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нээхдээ “Бид энэ 2025 оныг “Эх оронч монгол-Их сэргэлтийн жил” болгон зарлаж байна. Ирэх жилүүдэд Монгол Улсын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний үйл ажиллагаа шинэ түвшинд хүрч, олон нийтэд нээлттэй, ил тод, хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилж, салбарынхаа нэр хүндийг өсгөхөд онцгой анхаарч ажиллах болно” хэмээн ярилаа. Тэрбээр мөн хуралдааны үеэр ярихдаа 2025 онд төсвийн урсгал зардлаа 34 хувь, хөрөнгө оруулалтаа дөрөв дахин нэмэгдүүлж чадсанаа онцлоод алба хаагчдынхаа онцгой нөхцөл болон алслагдсан бүсийн нэмэгдлийг шийдвэрлэснээ дуулгав.
Энэ онд тус яам хугацаат цэргийн алба хаагчдынхаа сургалтын хөтөлбөрийг шинэчлэн англи хэл, компьютер, жолооны сургалтуудаа эхлүүлэх аж. Үүнээс гадна батлан хамгаалах, зэвсэгт хүчний нийт алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр орон сууцжуулах бодлогын хүрээнд “Ялалт цогцолбор”-ын эхний ээлжийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн батлан хамгаалах аж үйлдвэрлэлд анхаарч, энхийг сахиулах ажиллагааны оролцоог гурав дахин нэмэх юм байна.
Түүнчлэн олон нийтэд ил тод, нээлттэй, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүрч үйлчлэх, нийт ажилтан алба хаагчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, дүрмийн бус харилцаа үүсгэхгүй байхад онцгой анхаарч ажиллахыг нийт удирдлагын бүрэлдэхүүнд үүрэг болгосон байна.