Үндэсний бахархалт Мазаалай баавгайг сурталчлах аян Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгын Газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 437 тогтоолоор Мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан” болгосон. Тэгвэл Мазаалай баавгайг сурталчлах аян “Монгол” нүүдэлчин фестивалын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна.
Аяны хүрээнд хүүхэд багачуудад зориулсан танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулж, энэ амьтны талаар танилцуулав. Мазаалай нь говь цөлийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон байдгаараа бусад хүрэн баавгайн дэд зүйлүүдээс ялгардаг. Сүүлийн судалгаагаар манай оронд 50 гаруй мазаалай баавгай байгааг тогтоожээ. Түүний үндсэн байршил нутаг нь Говийн Их дархан цаазат газрын “А” хэсэгт хамардаг.
Энэхүү амьтны амьдрах орчны загварчлалаар байршил нутгийн хэмжээ XX зууны сүүлээс одоог хүртэл 60 гаруй хувиар багассан судалгаа бий. Амьтан судлаач В.Ф.Ладыгин 1899 онд Шар хулсны баян бүрдэд мазаалайн мөрийг үзсэний дээр Цагаан богд уул, Хөх Төмөртийн ууланд ямар нэг баавгай байдаг тухай бичгээр үлдээсэн нь анхны баримт юм. Өөрөөр хэлбэл, мазаалай баавгайн суурийг дэлхийд анх гаргасан гэсэн үг. Мазаалай нь ойн хүрэн баавгайтай төстэй боловч биеэр бага. Биеийн дундаж жин 90-100 килограмм, урт нь 150, өндөр нь 80-92 сантиметр. Зуны зүс жигд хүрэн бор, хавар шаргал, цайвар өнгөтэй, хумс цагаан, үс богино, тавхайгаараа нүцгэн хэсэг ихтэй. Хүзүү, хөл их биеэсээ бараавтар. Хэнхдэг, хүзүүний угт цагаан цайвар толботой байдаг аж.
Мазаалайг сурталчлах аяны үеэр “Хавтгай Мазаалай Их говийг хамгаалах” төрийн бус байгууллагын тэргүүн О.Баатаржав, “Манай байгууллага Говийн их дархан цаазат газрын орчны бүсэд хамааралтай таван сумын төлөөллөөс бүрддэг байгууллага юм. Хүн бүрд хэрэгтэй мазаалай амьтны талаар үнэн зөв мэдээлэл өгөх зорилготой үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үндэсний бахархалт амьтан гэж зарласан хэрнээ ямар амьтан болох, Монголд байдаг эсэхийг хүмүүс сайн мэддэггүй. Тиймээс сурталчилгаа чухал. Энэ ажлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон мазаалайтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд илүү далайцтай явуулж, түгээн дэлгэрүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал байна. Мөн мазаалайн төрөлх нутгийг нь үгүй хийж сүйтгэх, амьдрах орчинд нөлөөлөх, бэлчээр нутгийг хумих эрсдэлтэй учир боомт нээхийг эсэргүүцээд гурван сар болж байна” гэв.