А.Горячкина хоёр Гран-Прид дараалан түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПАРИС, 2025 оны хоёрдугаар сарын 28. /ТАСС/. Оросын шатарчин Александра Горячкина Монакод болсон Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ цуврал Гран-При тэмцээний гуравдугаар шатанд түрүүллээ. Тэрбээр сүүлчийн есдүгээр өрөгт Монголын шатарчин Б.Мөнгөнтуултай хайнцсан байна.
Ингээд нийт есөн өргийн дараах байдлаар А.Горячкина,
Энэтхэгийн их мастер Хампи
Конеру, Монголын шатарчин Б.Мөнгөнтуул нар ижилхэн 5,5 оноо авчээ. Гэхдээ
Мөнгөнтуултай харьцуулахад Горячкина хараар илүү олон удаа /5:4/ нүүж TB1
үзүүлэлтээр давамгайлсан бол Зоннеборн-Бергерийн
коэффициент буюу TB2 үзүүлэлтээр Энэтхэгийн шатарчнаас /23,5:22,5/ илүүрхжээ.
Мөн Оросын шатарчин Екатерина
Лагно 5 оноогоор 5 дугаар байр эзэлсэн байна.
Энэ удаагийн 80 мянган еврогийн шагналын сантай Монакогийн Гран-Прид түрүүлсэн тамирчин 18 мянган еврогийн мөнгөн шагналаас гадна 130 оноо авлаа. Хоёрдугаар байрт шалгарсан шатарчин 13 мянган евро, 103 оноо, гуравдугаар байр эзэлсэн тамирчин 10,5 мянган евро, 85 оноо тус тус авчээ.
Чансаа өндөртэй эмэгтэй шатарчдын дунд явагдаж буй 6 үе шаттай ФИДЕ-гийн цуврал Гран-При тэмцээний нийлбэр дүнгээр хоёр шилдэг шатарчин дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг сонгон шалгаруулах тэмцээнд оролцох юм. Казахстаны Шымкент хотод болсон өмнөх хоёр дахь шатны тэмцээнд А.Горячкина түрүүлсэн бөгөөд одоо 236,7 оноотой болсноор цувралыг тэргүүлж байна. Гурван тэмцээний дүнгээр 197,5 оноо авсан Казахстаны шатарчин Бибисара Асаубаева удаалж байгаа юм.
Дараагийн дөрөв дэх Гран-При
тэмцээн 3 дугаар сарын 15-24-нд Кипр улсад болох бөгөөд А.Горячкина түүнд
оролцоно. Харин Е.Лагно 4 дүгээр сарын 14-23-нд Энэтхэгт болох тэмцээнд оролцохоор
болжээ.
ФИДЕ-гийн өмнөх цуврал тэмцээнд
Е.Лагно түрүүлсэн бол А.Горячкина удаалсан байна.