А.Дюплантис дэлхийн дээд амжилтыг дахин эвджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПАРИС, 2025 оны гуравдугаар сарын 1 /TASS/. Олимпын хошой аварга, Шведийн тулгууртай харайлтын тамирчин Арманд Дюплантис Францын Клермон-Ферран хотноо болсон тэмцээний үеэр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Шведийн тамирчин 6 м 27 см дээгүүр амжилттай харайж, өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд Польшийн Хожув хотод болсон "Даймонд лиг"- ийн тэмцээний үеэр тогтоож байсан өөрийн өмнөх рекордыг (6 м 26 см) ахиулсан байна. Тэрбээр тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 11 дэх удаа эвдлээ.
Өдгөө 25 настай А.Дюплантис 2021, 2024 оны Олимпын наадмуудаас алтан медаль хүртжээ. Тэрбээр мөн дэлхийн хошой аварга (2022, 2023), Европын гурван удаагийн аварга (2018, 2022, 2024) юм.