ДАРХАН-УУЛ: Төрийн албан хаагчид англи хэлний мэдлэг дээшлүүлэх сургалтад хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн хэмжээнд IELTS хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Төрийн албан хаагчдын дунд зарласан анхны хөтөлбөрт 167 албан хаагч бүртгүүлснээс 117 нь шалгалт өгч 30 хүн IELTS, 35 хүн чадвар ахиулах гурван сарын сургалтад хамрагджээ.
IELTS сургалтад хамрагдсан 30 албан хаагч суралцах хугацаандаа 108 цагийн англи хэлний академик түвшний хичээл заалгаж, гурван удаа тестийн шалгалт өгсөн байна.
Дээрх сургалтад хамрагдсан төрийн албан хаагчид сургалтаа өндөрлүүлж гэрчилгээгээ гардан авч хаалтаа хийлээ. Тэд зургаадугаар сард англи хэлний олон улсын албан ёсны шалгалт /IELTS/ өгч сургалтын үр дүнгээ харах юм.
Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, цагийн уян хатан нөхцөлөөр зохион байгуулсан тус сургалтад хамрагдсан төрийн албан хаагчид англи хэлний мэдлэгээ дээшлүүлж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оноотой болох юм. Цаашид бие даан гадаад улс орнуудын урт, богино хугацааны шаталсан сургалтуудад хамрагдах, донор байгууллагуудын төсөл хөтөлбөрийг аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх зэрэгт хувь нэмэр оруулах давуу талтай.



