ХОВД: Шар усны үерийн эрсдэлээс сэргийлэхийг зөвлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ сарын 22-ны өдөр хүртэл өмнөх хоногуудаас нэлээд дулаарч байгаа.
Иймээс иргэдийг болзошгүй шар усны аюулаас сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхаарууллаа.
Хаврын улиралд ихэнх нутгаар цаг агаар дулаарч, гол, нуур, жалганд хуримтлагдсан цас мөс хайлдаг.
Иймд иргэд шар усны аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийг тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах, гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөв.
Мөн үерийн аюултай бүсээс нүүх, хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол, нуур орчимд тоглуулахгүй байх, чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос сэргийлэх, өндөр хүчдэл бүхий цахилгааны шугам сүлжээний ойролцоо гэр, сууцаа барихгүй байхыг анхаарууллаа.