ХОВД: Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил үе шаттай үргэлжилж байна.
Уг ажлыг “Газар дэлхий” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг чанартай боловсруулахын тулд аймаг, сумдын төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, 2040 он хүртэлх хөгжлийн тэргүүлэх чиглэлийг төлөвлөгөөнд тусгахад анхаарч байна.
Энэ хүрээнд өнгөрсөн онд шаардлагатай мэдээлэл цуглуулах, судалгаа хийх ажилд мэргэжлийн байгууллагын төлөөлөл, иргэдтэй хамтран ажиллажээ.
Мөн Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах хээрийн судалгааны багийн гишүүд 17 суманд ажиллаж, бэлчээрийг усжуулах, сэлгэх, хадлан тариалангийн бүс тогтоох, үйлдвэр үйлчилгээний бүс тогтоох, ойжуулалт хөв цөөрөм, усан сан байгуулах зэрэг ажлын зураглал, судалгааг нутгийн онцлогт уялдуулан гаргажээ.
Түүнчлэн Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд хөгжлийн бодлого, уур амьсгалын өөрчлөлт эрсдэлийг бууруулах ажлыг тусгахаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлэг өрнүүлж, байгаль орчны салбарынхан болон газрын даамлуудаас санал авлаа.
Харин өнөөдөр газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах явцад төслийн багийг шаардлагатай мэдээллээр хангах, санал, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын баг хуралдав. Хурлаар цаашид төлөвлөгөөнд тусгах ажлын санал, хэрэгжүүлэх шаардлагатай зүйлсийн талаар ярилцжээ.
Төлөвлөгөө боловсруулах ажил цаашид мөн тодорхой хугацаанд үргэлжилнэ.