УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-18 10:33:04

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчлахаар өнөөдөр тус улсыг зорилоо.


Албан айлчлал энэ сарын 18-23-нд үргэлжлэх бөгөөд айлчлалын багийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Британийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн Энди Баттсон нар үдэв. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд Монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал болж буйгаараа онцлог болж байна.


Тус айлчлал нь Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал ач холбогдолтой юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Связанные новости