ТӨВ: Нийт эмч нарын 61 хувь нь төрөлжсөн мэргэжил эзэмшжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч нарын дунд “Салбарын хөгжлийн 100 жилд-Бидний манлайлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.
Эрдэм шинжилгээний хуралд Төв аймгийн эрүүл мэндийн салбарын нийт 22 судлаач эмч нар өөрсдийн хийсэн судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцүүлэхээр оролцлоо.
Эрдэм шинжилгээний хурлыг 2024 онд анх удаа Монгол Улсын
хүний гавьяат эмч Жимбээгийн Бямбажав эмчийн нэрэмжит болгон зохион байгуулж байсан юм. Харин энэ жилийн эрдэм шинжилгээний хурлыг хүний гавьяат
эмч Борхүүгийн Алтангэрэл, хүний гавьяат эмч Жимбээгийн Бямбажав нарын нэрэмжит
болгон хийж байгаагаараа онцлогтой.
Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой 2025 онд тохиож байгаа бөгөөд их ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын эхлэл болж энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа юм.
Хурлаар судлаач эмч нарын баг өөрсдийн ажил, мэргэжлийн чиглэл бүртэйгээ уялдсан сэдвүүдийн хүрээнд илтгэлээ бэлтгэсэн байв. Тухайлбал, Хамар дайвар хөндийн анатомийн хувилбарууд болон түүний хамаарлыг судалсан байдал, мэдрэл, дотоод шүүрлийн хавдрын тохиолдлын танилцуулга, өсвөр насны охидын төрөлтийг судалсан үр дүн, нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нярайд эмгэг шарлалт үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйл, эмчилгээний үр дүнг харьцуулан судалсан нь, эмийн үр хөндөлтийн үр дүнг судалсан гэх мэт олон сэдвийг хөндөж байв.
Жирэмсэн үеийн бөөрний усжилтыг эмчилсэн эмчилгээний үр дүн сэдвээр оролцсон багаас тодруулахад, "Энэхүү судалгаандаа Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022-2025 он хүртэл сүүлийн 3 жилд жирэмсэн үеийн физиологийн бөөрний усжилт түүнтэй ойролцоо оношоор эмчлэгдсэн тохиолдлуудыг түүвэрлэн 281 түүхээс 51 тохиолдлыг судалгаанд хамруулсан. Шээлгүүрийн стент тавих мэс заслыг зөвхөн тодорхой эмнэлзүйн шалгуураар сонгон хийсэн.
Үр дүн нь эмийн эмчилгээ нь 51 өвчтөний 35 нь биеийн байдал сайжирч шинжилгээ засарч эмчилгээ үр дүнтэй болсон бол 16 тохиолдолд шинж тэмдэг үргэлжилж стент тавих мэс засал хийсэн.
Мэс заслын дараа өвчтөнүүдийн шинж тэмдгүүд хурдан багасч, бөөрний халдварын шинж тэмдэг хэвийн болсон. Судалгаанд хамрагдсан жирэмсэн эхчүүд тээлтийн хугацаа гүйцэд 98 хувьтай байсан бол 2 хувь нь кесар мэс заслаар төрөлтийг шийдвэрлэсэн" гэв.
Төв аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад 2024 оны статистик мэдээгээр 259 их эмч ажилладаг. Үүнээс докторын зэрэгтэй 2, магистрын зэрэгтэй 13, ахлах зэрэгтэй 37, тэргүүлэх зэрэгтэй 17, зөвлөх зэрэгтэй 3 эмч байна.
259 их эмчээс 207 нь эмэгтэй, 52 нь эрэгтэй байгаа ба эдгээр
эмч нарын 198 нь хүний их эмч, 44 уламжлалт анагаах ухааны их эмч, 17 нь шүдний
эмчээр мэргэшсэн. Нийт эмч нарын 61 хувь нь төрөлжсөн мэргэжил эзэмшсэн судалгаа
гарчээ.