Австрали сурагч 100 м-ийн зайд 10 секундээс дотогш гүйжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПЕРТ, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /AFP/. Австралийн ойрын зайн гүйлтийн өсөх ирээдүйтэй тамирчин Гаут Гаут 100 м-ийн зайд хоёр ч удаа 10 секундээс бага хугацаанд гүйжээ. Ингэснээр тэрбээр өөрийн чадвар, нөөц бололцоог харуулсан боловч хоёр гүйлтэд салхи нөлөөлсөн тул амжилтыг нь албан ёсоор бүртгэсэнгүй.
Г.Гаут өнгөрсөн
12 дугаар сард 16 настай байхдаа 200 м-ийг 20.04 секундэд туулж, энэ насандаа Ямайкийн алдарт тамирчин Усэйн
Болтын тогтоосон хувийн дээд амжилтыг ахиулсан нь олны анхаарлыг татсан юм. Мөн тэрбээр гуравдугаар сард Брисбэн хотод болсон тэмцээнд 20.05 секундэд барианд орсноор энэ оны хувьд дэлхийн дээд амжилтыг
үзүүлжээ.
Өдгөө 17 настай Г.Гаут Перт хотод болж буй Австралийн Хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 100 м-ийн зайд 9.99 секундийн амжилт үзүүлж, дараа нь мөн ийм үзүүлэлттэйгээр финалын барианд орсон байна.
Гэвч хоёуланд нь салхины нөлөө байсан учир дээд
амжилтын номонд бүртгэсэнгүй. Гэхдээ энэ онд Японд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдод бас нэгэн сануулга дохиог өгчээ.
Г.Гаут 10 секундээс дотогш гүйсэн тухайгаа ярихдаа, энэ бол миний хүсэн хүлээж байсан амжилт, маш их баяртай байна гэлээ. Тэрбээр гуравдугаар сард хувийн дээд амжилтаа 10.03 секундээр тогтоосон нутаг нэгт өрсөлдөгч Лаклан Кеннедитэй энэ зайд өрсөлдөхгүйн тулд 20 хүртэлх насны ангилалд гүйхээр шийдсэн байна. Өдгөө 21 настай Л.Кеннеди баасан, бямба гарагт задгай талбайд 100 м-ийн зайд уралдахдаа 10 секундийн амжилтаа эвдэхийг зорьж байна. Г.Гаут, Л.Кеннеди нар ням гарагт 200 м-ийн зайд өрсөлдөнө. Эцэг эх нь Өмнөд Суданаас цагаачлан ирсний дараа Австралид төрсөн Г.Гаутыг Олимпын найман алтан медальт У.Болттой зүйрлэх болоод байгаа юм.
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Коу саяхан өсвөрийн тамирчныг ховорхон авьяастай хэмээн тодорхойлсны зэрэгцээ “түүнийг халамжилж,
хамгаалах хэрэгтэй" гэсэн байна.