Г.Гаут 200 м-ийн зайг 19.84 секундэд туулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-04-14 12:13:19

ПЕРТ, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /CNN/. Австралийн ойрын зайн гүйлтийн тамирчин, 17 настай Гаут Гаут оролцсон тэмцээн уралдаан бүрдээ өндөр амжилт үзүүлснээр өөрийн авьяас чадвар, нөөц боломжийг батлан харуулсаар байна. 


Ням гарагт тэрбээр Перт хотноо болсон Австралийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 200 м-ийн уралдаанд 19.84 секундэд барианд орсноор алтан медаль хүртжээ. Энэ нь дээд амжилтын номонд бичигдэхээр үзүүлэлт боловч түүний гүйлтэд салхи нөлөөлсөн тул албан ёсоор бүртгээгүй байна.


Энэ амжилтаараа Г.Гаут 200 м-ийн зайд хамгийн хурдан гүйсэн 20-иос доош настай гүйгчдийн хоёрдугаарт бичигдсэн бөгөөд Олимпын аваргууд болох Усэйн Болт, Жастин Гэтлин, Летсиле Тебого нарын тухайн насны ангилалд үзүүлсэн амжилтуудаас давжээ.


Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт 100 м-ийн зайд хоёр ч удаа 10 секундээс дотогш хугацаанд гүйснээр Австралийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 20-иос доош насны ангиллын тэмцээнд түрүүлсэн боловч мөн л салхины нөлөөг харгалзан дээд амжилтын номонд бүртгээгүй юм.


“Баяртай байна. Энэ бол миний зорьж байсан зүйл. 100 м-т 10 секундээс доош хугацаанд гүйх зорилгодоо хүрсэн. Хурд бол надад өгсөн бэлэг. Би түүнийгээ ашиглаж чадлаа. 200 м-т 20 секундээс бага хугацаанд гүйлээ. Маш их баяртай байна” гэж Г.Гаут ням гарагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

 


Связанные новости