Монголын шилдэг циркчид Д.Сүхбаатарын талбайд чуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дөрөв, тавдугаар сард Д.Сүхбаатарын талбайд олон төрлийн өдөрлөг, эвент зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Монголын циркийн шилдэг хамтлагуудын тоглолт болж байна.
Өнгөрсөн долоо хоногт хоолны фестиваль зохион байгуулсан бол талбайн урд захад барьсан нийслэлийн хамгийн том асарт Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын ивээл дор Монголын циркийн уран бүтээлчид чуулж байгаа юм. Төв талбайд анх удаа чуулсан циркчид циркийн урлагт дуртай ард түмэндээ шилдэг үзүүлбэрүүдээ үнэ төлбөргүй үзүүлж буйгаараа онцлогтой.
Энэхүү тоглолтод “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнээс гранпри, алт, мөнгө, хүрэл цомын эзэн болсон 12 хамтлагийн 270 орчим уран бүтээлч оролцож байна. Долоо хоногийн хугацаанд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Д.Сүхбаатарын талбайд тоглоно. Монголчууд эртнээс циркийн урлагт хайртай, дуртай. Тиймээс циркийг “Гэр бүлийн урлаг” хэмээн тодотгосон байдаг.
Өнгөрсөн долоо хоногоос “Степп Арена”-д дэлхийн шилдэг циркчид тоглож эхэлсэн. Тэгвэл тэдэнтэй зэрэгцэн Монголын циркийн шилдгүүд төв талбайд үзэгч, хүүхэд багачууддаа сонин содон, шилдэг үзүүлбэрээр бэлэг барьж байна. Сургуультай тэмээ, морьтны үзүүлбэр, 47 дахь удаагийн Монте Карлогийн наадмын “New Generation” ангилалд алтан цом хүртсэн бяцхан нугараачид, циркийн сургуулийн жонглёрчид, дээсээр наадагчид гэх мэт Монголын циркт хэзээнээс танил болсон номеруудыг олон жилийн дараа хүүхэд багачууд дэргэдээс нь үзэж байгаа юм.
Циркийн тоглолтын эргэн тойрон дахь гэрэл зургуудаас хүргэе.