“Улаанбаатар Галлериа”-д пянзны өдөрлөг маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Пянз сонирхогчдын клуб, “Welcome Records UB", “Улаанбаатар Галлериа”-тай хамтран жил бүрийн дөрөвдүгээр сарын гурав дахь долоо хоногт өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай.
“Пянзны дэлгүүрүүдийн өдөр”-ийг тохиолдуулан “Vinyl & Music” пянз хөгжмийн өдөрлөг, нээлттэй худалдааны эвентийг энэ сарын 18, 19, 20-нд зохион байгуулах гэж байна. “Нэг нь нийтийн төлөө” уриан дор болох энэхүү өдөрлөгийн хүрээнд пянз солилцох, ховор пянзны худалдаа болон пянз, пянз тоглуулагчийг хямдралтай үнээр борлуулдгаараа онцлогтой. Дөрөв дэх жилдээ зохион байгуулах өдөрлөгт Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг пянзны дэлгүүрүүд, хувиараа пянзны худалдаа эрхлэгч, цуглуулагчид оролцож, зөвхөн энэ өдөрт зориулж өөрсдийн бараа бүтээгдэхүүндээ хөнгөлөлт, хямдрал, урамшуулал зарладаг нь пянз сонирхогч цуглуулагчид сайхан боломж билээ.
Дэлхий даяар эргэн давлагаалж, сэргээд байгаа пянзны соёлтой хөл нийлүүлэн алхаж буй “Бүх нийтийг пянзжуулах хөдөлгөөн”-д нэгдэх сонирхолтой, тоглуулагч авахаар сонирхсон сонголтдоо эргэлзэж буй хүмүүст мэргэжилтнүүд зөвлөгөө өгөх юм. Бас пянз тоглуулагчаа огт мөнгөгүй ч аваад харих боломжтой лизингийн үйлчилгээ ч бий болгосон байна. Пянз хөгжимтэй холбоотой бүхэн нэгэн дороо цугларч аялгуу эгшиг хадаасан сайхан орчинд зочлохыг зохион байгуулагчид урьж байгаа аж.