Монголд анх удаа паппет кино төрлөөр туурвисан “Пөөдөө” кино нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-17 15:48:35

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчдийн дэлгэцийн шинэ бүтээл Монголын анхны паппет кино болох “Пөөдөө” уран сайхны кино маргааш нийслэл болон 21 аймаг, 330 суманд нэгэн зэрэг албан ёсны нээлтээ хийх гэж байна.


Энэхүү киногоор дамжуулан хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, гоо зүй, ёс суртахууны зөв хүмүүжил төлөвшлийг олгох, мансууруулах бодисын хор уршиг, сөрөг үр дагаврын талаар мэдлэг түгээх зорилготой аж. Уг кино Монголын анхны, Ази тивийн хэмжээнд хоёр дахь “паппет кино” төрлөөр туурвисан бүтээл гэдгээрээ онцлог бөгөөд хүүхэлдэйн дүрүүдийг амьд мэт хөдөлгөөнтэй, бодит мэдрэмжтэйгээр дүрсэлдэг юм байна.


Киноны ерөнхий найруулагч О.Батзориг “Хүүхэлдэй бол эртний урлаг. Хүн төрөлхтөн онгон шүтээн хэлбэрээр эхлүүлж, дараа нь урлаг болон хөгжсөн. “Пөөдөө” киног бүтээхдээ бид биет хүүхэлдэйнүүдийг жүжигчдээр хөдөлгөж, гүн хэсгүүдийг компьютер графиктай хослуулан хийсэн. Энэ төрлийн бүтээлийг дэлхийн 30 гаруй улсад хийж байсан жишээтэй. Бэлтгэл ажилд найман сар, зураг авалтад 44 хоног, компьютер графикт хоёр жилийн хугацаа зарцуулсан. Товчхондоо бол дөрвөн жил гаруйн хугацаанд бүтээсэн бөгөөд 250 гаруй уран бүтээлчийн хөлс, хөдөлмөр шингэсэн юм. Энэ төрлийн уран бүтээл маш ховор тул төр, хувийн хэвшлийн байгууллагууд дэмжин анхаараасай гэж хүсэж байна” хэмээн ярилаа.


Монголд өсвөрийнхний дунд мансууруулах бодисын хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нийгмийн тулгамдсан асуудал болж байна. 2019 онд явуулсан судалгаагаар 15-17 насны сурагчдын мансууруулах бодисын хэрэглээний түвшин 3.5 хувь байсан бол 2021 онд энэ үзүүлэлт 5.2 хувьд хүрч өсжээ. Мансууруулах бодисын хор уршгийн талаарх мэдлэг дутмаг, соён гэгээрэл хангалтгүй байгаагаас шалтгаалан энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй иргэдийн нас улам залуужиж байгаа юм. Тиймээс “Пөөдөө” уран сайхны кино өсвөр үеийнхний сэтгэл зүйд нийцсэн хэлбэрээр мансууруулах бодисын хор хөнөөлийн талаарх ойлголтыг өгч, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой бүтээл ажээ.


Улсын хүүхэлдэйн театр нь Монгол Улсад хүүхэлдэйн урлагийн мэргэжлийн цорын ганц байгууллага бөгөөд 1948 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм. 




Связанные новости