Их зохиолч Д.Нацагдоржийн сэдэвтэй 4 марк хэвлэгдэж байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Д.Нацагдорж бол Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч байв. Тэрээр одоогоос 119 жилийн тэртээ 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Цэрэндоржийн Дашдоржийн гэрт төржээ.
Д.Нацагдорж ЗХУ /1926/ болон Германд /1926-1929 онд/ хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ. Тэрээр Элдэв-Очир, Очир, Сайн санаат, Үзэг гэх мэт олон нууц нэрээр бичиж байсан байна. Түүний бүтээлүүд 1934 онд "Учиртай гурван толгой", 955 онд Зохиолын түүвэр, 1963 онд алдарт "Миний нутаг", Ламбагуайн нулимс 1976 онд Шувуун саарал нэртэй хэвлэгдэж байжээ.
Д.Нацагдорж голчлон Орос, Герман хэлнээс орчуулан хэвлүүлэх ажил эрхэлж байв. Герман хэлнээс Вильгелм Хауф /1802-1827/-ын “Бяцхан Мука”, Эдгар Аллан Погийн “Алтан цох” /The Golden Bug/, 1931 онд К.Марксын “Капитал” зохиолын I ботийн “Таваар ба мөнгө” хэсгийг, 1933-1934 онд Г.Е.Грумм Грижмайлогийн “Монголын түүх”-ийг хэсэгчлэн, “Марко Пологийн тэмдэглэл”-ийг Франц эхээс нь товчлон “Их хааны ордонд” нэрээр Герман хэлэнд буулгасан профессор Альбертийн орчуулгыг 1930 оны 11 дүгээр сард монголчлон дуусгасан ажээ. Тэгвэл Орос хэлнээс А.С.Пушкины “Анчар” /1828-1936 он/, “Хоригдол” /1936 он/ /Узник-1822/, “Хэрээ хэрээний зүг ниснэ” /1936 он/ /Ворон летит к ворону 1828 он/ “Их Петрийн араб”, Б.Ринчен, М.Гомбожав нартай хамтран “Белкиний туужууд”, Б.Ринчентэй Ги де Мопассаны туужуудаас орчуулж байжээ.
Өнөөг хүртэл Д.Нацагдоржийн сэдэвтэй хэд хэдэн шуудангийн марк гарч байв. Тухайлбал, анх 1962 онд түүний хөрөгтэй шуудангийн 2 сери марк “Монголын зохиолчдын III их хурал” сэдвээр гарч байжээ. Мөн 1966 онд Д.Нацагдоржийн 60 насны ойгоор бичвэртэй марк гарч байсан бол түүний 70 насны ойг тохиолдуулан 1977 онд түүний хөрөг болон “Миний нутаг” шүүлгийн хэсгээс оруулсан шуудангийн марк тус тус гүйлгээнд гарч байжээ. Харин 1986 онд Д.Нацагдоржийн 80 насны ойг тохолдуулан түүний хөрөг болон “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийн хэсгээс дүрслэн харуулсан марк хэвлэгджээ. Үүнээс хойших 40 жилийн хугацаанд Д.Нацагдоржтой холбоотой шуудангийн марк огт хэвлэгдээгүй байна.
2026 онд Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохионо.





Связанные новости
Ulaanbaatar