Ч.Номин: Наадмын нээлтийн орой жуулчдад зориулсан энтертайнмент үйл ажиллагаа зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-17 16:08:08

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан болж байна.


Тус хуралдаанаар Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлийн концертын найруулагч сонгон шалгаруулах асуудлыг танилцуулах, нээлт, хаалтын ёслолыг бэлтгэл ажил, явцын мэдээлэл сонсож, төсвийн зардал, салбар хороодын бүрэлдэхүүн батлах тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм. 2025 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажиллахаар болсон.


Нээлт, хаалтын талаар ССАЖЗ-ын сайд Ч.Номин, “Жилд нэг удаа болдог Үндэсний их баяр наадам бол монголчуудын үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын илэрхийлэл төдийгүй нээлт нь үндэсний онцлог, түүх, соёл, өв уламжлалаа жуулчдад сурталчлан таниулах хамгийн том энтертайнмент үйл ажиллагаа билээ. Энэ удаагийн наадмын зохиол, тайзны зохион байгуулалт, ерөнхий зураглал, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийж эхэлсэн. Нээлтийг 360 градус буюу Цэнгэлдэх хүрээлэнд байгаа бүх үзэгчид хүртээмжтэй байдлаар төлөвлөж, жуулчдад зориулсан оройны нэмэлт хөтөлбөр, энтертайнмент үйл ажиллагаа зохион байгуулна” хэмээжээ.






Связанные новости