“Ромео Жульетта” сонгодог жүжгийг Улсын хүүхэд, залуучуудын театрын тайзнаа дахин амилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Улсын хүүхэд, залуучуудын театр хавар цагийн шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор товоо зарлалаа.
Энэ бол Английн алдарт зохиолч Уильям Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог драмын жүжиг юм. Тавдугаар сарын 9-нөөс УХЗТ-ын тайзнаа амилах энэхүү жүжгийн ерөнхий найруулагчаар Б.Энхээ, зураачаар Г.Ганбаатар, продюсероор гавьяат жүжигчин Н.Ариунболд, уран сайхны удирдагчаар ардын багш Н.Ганхуяг нар ажиллажээ. Харин дурлалт залуу Ромеогийн дүрийг залуу жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттаг М.Батгэрэл нар амилуулав. Түүнчлэн Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Б.Нармандах, соёлын тэргүүний ажилтан Ж.Даваасамбуу нар “Ромео Жульетта” хэмээх сонгодог драмын жүжигт дүрээ мөнхлөх нь ээ.
Эл сонгодог жүжгийг 1966 онд Хүүхэд, залуучуудын театр хамгийн анх эх орондоо “Ромео Жульетта хоёр” сонгодог драмын жүжгийг толилуулж байсан бол ийнхүү төрөлх театрынхаа тайзнаа 59 жилийн дараа дахин амилуулж байна. Тухайн үеэр жүжгийн найруулагчаар С.Гэндэн ажиллаж, Ромеогийн дүрд жүжигчин У.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа тоглосон түүхтэй. Тэгвэл үүнээс хойш 30 жилийн дараа урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулгаар УДЭТ-ын тайзнаа анх удаа “Ромео Жульетта”-г тавихад гавьяат жүжигчин О.Гэрэлсүх, И.Одончимэг нар гол дүрийн бүтээсэн юм. Харин 2012 онд “Сонгодог мюзикл продакшн”, Монгол-Францын соёлын төвтэй хамтран “Ромео, Жульета” дуурийг анх удаа эх хэлээрээ тавьжээ. Түүнчлэн 2015 онд УДЭТ-ынхан үзвэрийн 85 жилийн жилийн нээлтээ “Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгээр хийсэн бөгөөд Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж, МҮОНТВ-ийн кино орчуулагч Х.Мэргэний орчуулгаар үзэгчдэд хүрсэн байна.
Мөн 2022 онд энэхүү английн алдарт жүжгийн зохиолч Уильям Шекспирийн “Ромео Жульетта хоёр” номыг орчуулагч Х.Мэргэний орчуулгаар хэвлэсэн байдаг юм.