Швейцар цагны экспорт огцом өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЦЮРИХ, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /AFP/. Швейцар цагны хамгийн том зах зээл болох АНУ руу хийсэн экспорт гуравдугаар сард 14 орчим хувиар өссөн нь Ерөнхийлөгч Д.Трамп дэлхийн улс орнуудад татвар ногдуулахаас өмнө жижиглэн худалдаа эрхлэгчид бараагаа нөөцөлсөнтэй холбоотой байж магадгүй юм.
Швейцарын
бараанд 31 хувийн татвар ногдуулах тухай энэ сарын эхээр зарласан шийдвэр нь тус улсын цаг үйлдвэрлэлийн салбарт маш хүнд цохилт болж магадгүй
гэдгийг шинжээчид анхааруулж
байна. Дараа нь татвар үйлчилж эхлэх хугацааг 90
хоногоор хойшлуулсан бол АНУ-д нийлүүлж буй бүх бараанд 10 хувийн суурь татвар ногдуулах тухай шийдвэр дөрөвдүгээр сарын 5-наас хүчин
төгөлдөр болсон билээ.
Гуравдугаар сард АНУ-ын зах зээлд хийсэн швейцар цагны экспорт өмнөх
оны мөн үеийнхээс 13.7 хувиар өссөн гэж
тус улсын цаг үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлжээ. Ингэснээр өмнөх сард 6.7 хувиар буурсны дараа дахин өссөн байна. Үүний үр дүнд нийт экспортын хэмжээ
1.5 хувиар өсөж, 2.38 тэрбум франк /2.9 тэрбум ам.доллар/ болжээ.
“АНУ руу хийсэн экспортын хэмжээ 14 хувиар өссөнд татвар тарифтай холбоотой эмх
замбараагүй байдал ихээхэн нөлөөлсөн
гэж бид үзэж байна”
хэмээн “Vontobel” фирмийн шинжээч Жан-Филипп Бертчи хэллээ. АНУ 2021 онд Хонконг, Хятадыг
гүйцэж түрүүлснээр швейцар
цагны хамгийн том зах зээл болжээ.
“Kepler
Cheuvreux” компанийн шинжээч
Жон Кокс хэлэхдээ, экспортын хэмжээ өссөн
нь Швейцарын үйлдвэрлэгчид
бүтээгдэхүүнээ их хэмжээгээр нийлүүлж, Америкийн
жижиглэнгийн худалдаачид дөрөвдүгээр сард ногдуулсан татвараас урьтан бараагаа татан авсныг харуулж байна гэжээ.