ӨВӨРХАНГАЙ: Аймгийн эдийн засгийг 2014-2024 онд хөгжүүлэх бодлогын баримт бичгийг хангалттай сайн хэрэгжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-04-20 08:41:17

Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн эдийн засгийг 2014-2024 онд хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг аймгийн ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаанаар дүгнэлээ.


МУИС-ийн Эдийн засгийн онолын тэнхимийн профессор, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуунаар ахлуулсан судалгааны баг зөвлөх үйлчилгээ үзүүлэн аймгийн зах зээлийн багтаамжийг судалж, ИТХ-ын 2014 оны 09/07 дугаар тогтоолоор “Өвөрхангай аймгийн эдийн засгийг 2014-2024 онд хөгжүүлэх бодлогын баримт бичиг”-ийг баталж байсан юм.



Үүнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, барилга, барилгын материал үйлдвэрлэл, уул уурхай зэрэг таван салбарт 13 зорилт, 85 арга хэмжээг төлөвлөн эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилтуудыг тусгаж байв.


Мөн Монгол Улсын төв хэсэгт оршин зургаан аймагтай хиллэдэг давуу талаа ашиглан Арвайхээрээс Шивээхүрэнгийн боомт, Арвайхээрээс Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын сүлжээг байгуулах, хангайн бүсийн аймгуудыг хойноос урагшаа холбох, баруун аймгуудыг Улаанбаатар хот болон бусад аймагтай холбосон худалдаа, үйлчилгээ, тээвэр логистикийн төв болон хөгжих зорилт тавьсан.



Өнөөдөр эдгээр томоохон төслүүдийн ТЭЗҮ-г хийж, санхүүжилтийг шийдвэрлэх асуудлыг УИХ, Засгийн газрын хуралдаанаар батлаад байна. Орон нутаг дотроо Улаанцутгалантын хүрхрээ хүрэх 90 км авто замаас 49 км нь шийдэгдэж, ажлын гүйцэтгэл 50 хувьтай, Арвайхээр, Хужиртыг холбох хатуу хучилттай 44 км авто замын ажил 20 хувьтай хийгдэж байна. Арвайхээрээс Богд чиглэлийн 170 км замын зураг төсөл, ТЭЗҮ-г Эдийн засгийн хөгжлийн яаманд боловсруулж, арав хоногийн дараа хүлээж авахаар ажиллаж байна.


Өвөрхангай аймаг 2014 онд дотоод, гадаадын 25000 жуулчин хүлээн авдаг байсан бол 2024 онд 64000 болж нэмэгджээ. 2014 онд 1150 айлын 46 орон сууц байсан бол 2024 оны байдлаар 4127 айлын 159 орон сууцанд иргэд ая тухтай амьдарч байна. 19 сумаас 11 нь инженерийн нэгдсэн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжтай болж, үлдсэн сумдыг ойрын хугацаанд шугам сүлжээнд холбохоор төлөвлөж байна.


Аймгийн төсвийн орлого 2014 онд 11.9 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 58.5 тэрбум төгрөг болж, 10 жилийн хугацаанд 46.6 тэрбум төгрөг буюу 4.9 дахин өсжээ. Энэ хугацаанд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 307.2 тэрбумаас 1.1 их наяд болж, 3.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Хөрөнгө оруулалт 2014 онд 70 тэрбум байсан бол 2024 онд 127.4 тэрбум, иргэдийн хадгаламж 2014 онд 58 тэрбумаас 2024 онд 241.3 тэрбумд хүрсэн байна.



Энэ мэт арван жилийн хугацаанд аймгийн эдийн засгийн өсөлт хангалттай сайн байж, зорилтоо 70 гаруй хувьтай биелүүлсэн хэмээн төлөөлөгчид дүгнэлээ.


“Тухайн үед бодлогын баримт бичгийг батлахад аймгийн ИТХ-ын суудлыг бүрдүүлж буй намуудын харьцаа ойролцоо байсан. Аймгаа хөгжүүлэх 10 жилийн бодлогын баримт бичгийг хамтран тодорхойлж, цаашдаа ямар ч нам эвсэл орон нутагт гарсан энэ бодлогын баримт бичгээ мөрдлөг болгон хэрэгжүүлэхийн төлөө ажиллах санал санаачилгыг дэвшүүлэн баталж байсан” хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга Г.Ганболд ярилаа. 

Связанные новости