Бээжингийн марафонд Кенийн тамирчид түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-04-21 14:18:40

БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /Xinhua/. БНХАУ-ын нийслэлд ням гарагт болсон Бээжингийн хагас марафонд Кенийн гүйгч Чарльз Мбатха Матата, Сьюси Чебет Чемаймек нар эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрөлд тус тус тэргүүн байр эзэлжээ.


Ч.Матата нэг цаг 25 секундийн амжилтаар нутаг нэгт Уисли Кипкемой Йегогоос долоон секундийн өмнө барианд орсон бол Этиопын тамирчин Гетачев Масреша Кидие гуравдугаар байрт орсон байна.


Бээжингийн гүйлтэд оролцох боломж олдсонд үнэхээр баяртай байна. Зам нь үнэхээр сайхан юм. Би 59 минутанд багтаж барианд орохыг зорьж байсан. Эцсийн үр дүн тийм ч муу биш, гэхдээ бас тийм ч сайн биш байлаа” гэж Ч.Матата уралдааны дараа хэлжээ.


С.Чемаймек эмэгтэйчүүдийн уралдаанд нэг цаг есөн минут, долоон секундийн амжилтаар уг тэмцээний дээд амжилтыг шинээр тогтоосон бол Угандагийн Риспа Чероп, Этиопын Бериха Гебрейоханес Гебресласие нар хоёр, гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.


Бээжингийн хагас марафон бол 70 орчим жилийн түүхтэй тэмцээн юм. Энэ жилийн уралдаан Тяньаньмэний талбайгаас Бээжингийн Олимпын цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжилж, 169 879 гүйгч оролцсоноор дээд амжилт тогтоожээ.  



Связанные новости