"Falling Walls Lab Mongolia 2025" форумд оролцогчдыг 6-р сарын 9 хүртэл бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2025-04-23 12:51:48

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Шинийг эрэлхийлэгч, авьяаслаг залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүд дэвшилтэт технологи, судалгааныхаа шинэлэг форматыг танилцуулдаг Falling Walls Lab Mongolia’25 форумыг 2025 оны 9 сарын 12-ны өдөр 13.00 цагаас зохион байгуулна.

 

Танхим-цахим хосолсон буюу МУИС-ийн Номын сангийн хурлын танхим болон www.zoom.us онлайн платформоор болох тус форумд оролцогчид 3 минутад багтаан өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, шинэлэг санаа бүхий цаг үеийн тулгамдсан сорилтуудын шийдлийг танилцуулдаг юм.


Өнгөрсөн жилийн оролцогчид хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, хүн-байгальд ээлтэй, эко амьдралыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжлийн бодлогод чиглэсэн шилдэг бүтээлүүдээ танилцуулж байсан юм.


Түүнчлэн жил бүр дэлхий даяар нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллагууд бүс нутгийнхаа хамгийн шинэлэг оюун санааны ололт, олон талт байдал, хүсэл сонирхлыг харуулах зорилгоор Falling Walls Lab форумыг зохион байгуулдаг уламжлалтай тогтоод байна.

 

Орон орны үндэсний ялагчид нь жил бүрийн 11-р сарын 7-нд Берлин хотноо олон улсын финалд өрсөлддөг. Улмаар Falling Walls Science Summit-д оролцох эрхийн бичгээр шагнуулж дэлхийн шинжлэх ухаан, бизнесийг хөдөлгөгч, гол бодлого боловсруулагчидтай харилцах, холбоо тогтоох боломжтой.


Форумын ерөнхий зохион байгуулагчаар Шинжлэх ухаан технологийн сан, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Монгол Улсын Эдийн Засаг Хөгжлийн Яам, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, DAAD- Германы Эрдмийн Солилцооны Алба, Монгол Улсын Их Сургууль, INWES - олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбоо зэрэг байгууллага ажиллаж буй аж.

 

Оролцогчдыг https://falling-walls.com/falling-walls-lab-mongolia хаягаар 2025 оны 6 сарын 9-ний өдрийн 23.59 цаг хүртэл бүртгэх юм байна. 



Связанные новости