Дэлхийн номын болон зохиогчийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-23 11:03:55

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. 1995 онд хуралдсан НҮБ-ын дэргэдэх ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Үүнээс хойш дэлхий дахинд 30 дахь жилдээ энэхүү өдрийг тэмдэглэж байна.


Энэхүү өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гоос “Дэлхийн номын нийслэл хөтөлбөр”-ийг 2001 оноос эхлүүлсэн бөгөөд номыг сурталчилж, ном уншихыг хөхиүлэн дэмждэг хотыг жил бүр “Дэлхийн номын нийслэл”-ээр сонгон шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл 2019 онд Малайзын нийслэл Куала-Лумпур, 2020 онд АНЭУ-ын Шаржа, 2022 онд Мексикийн Гвадахалара хот “Дэлхийн номын нийслэл”-ээр шалгарч байжээ.


Харин манай улс 2009 оноос хойш “Дэлхийн номын нийслэл” болох зорилго тавин ажиллаж байгаа юм.


Хэдийгээр дэлхий ертөнц өөрчлөгдөн шинэчлэгдэж, техник технологи хөгжин дэвшиж байгаа ч хүн төрөлхтөн номын соёлын амтанд улам бүр орсоор байна. Өнөөдөр ч гэсэн мэдээ, мэдээлэл олж авах хамгийн түгээмэл хэрэгслийн тоонд ном зүй ёсоор багтаж байгаа бөгөөд дэлхий дахинд номын хэрэгцээ түүхэнд үзэгдэж байгаагүйгээр нэмэгджээ.


Тэгвэл зохиогчийн эрх  гэдэг ойлголт нь өвөрмөц шинж бүхий оюуны бүтээл туурвисан бүтээгч буюу зохиогчид хууль ёсны дагуу тухайн бүтээлийг цаашид хэрэглэж, түгээхээр олгож буй онцгой эрх юм. Онцгой эрхийг зөвхөн тодорхой цаг хугацаанд эзэмших боломжтой. Зохиогчийн эрх нь оюуны өмчийн нэг төрөл бөгөөд зарим нэг төрлийн бүтээлч ажилд хамааралтай. Ихэнх улс орон зохиогчийн эрхийн хамгаалалттай ажлыг заавал биет хэлбэрт оруулсан байхыг шаарддаг байна. Бернийн конвенцын дагуу “Утга зохиол ба урлагийн бүтээл” гэсэн нэр томьёонд бүтээсэн арга, хэлбэрийг үл харгалзан утга зохиол, шинжлэх ухаан, урлагийн бүх бүтээл, ном товхимол болон бусад бичмэл зохиолыг багтаадаг аж.


Монгол Улсын Үндсэн хуульд оюуны өмч нь бүтээн туурвигчийнхаа өмч мөн болохыг, зохиол бүтээл туурвих, түүнийхээ үр шимийг хүртэх нь хүний үндсэн эрх, эрх чөлөөний нэг болохыг тунхаглан заасан байдаг. Энэ дагуу 1993 оны зургаадугаар сарын 22-нд Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийн баталсан бөгөөд тухайн оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн юм. Ингэснээр утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээл туурвигчид өөрийн бүтээлдээ зохиогчийн эрх эдлэх, бүтээлийнхээ үр шимийг хүртэх боломжтой болсон байдаг. 

Связанные новости