Гаалийн төв лаборатори CNAS-ын хяналтын шатны давтан үнэлгээнд амжилттай хамрагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори энэ сарын 18-21-нд олон улсын итгэмжлэлийн байгууллага ILAC (International Laboratory Accreditation Cooperation)-ын гишүүн БНХАУ-ын Итгэмжлэлийн байгууллага (CNAS)-ын хяналтын шатны давтан үнэлгээнд амжилттай хамрагдаж, итгэмжлэлийн эрхээ баталгаажууллаа.
Тус лаборатори
нь уул уурхайн хүдэр, баяжмал, нүүрс, газрын тос зэрэг долоон нэр төрлийн
бүтээгдэхүүний 35 үзүүлэлтээр шинжилгээ хийх эрхтэй үйл ажиллагаа явуулдаг. CNAS-ын итгэмжлэлийн эрхээ
амжилттай сунгаснаар Гаалийн төв лабораторийн хийсэн шинжилгээний үр дүнг
БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрч, Монголоос экспортлох уул уурхайн бүтээгдэхүүний гадаад худалдааг
хөнгөвчлөх, цаг хугацаа, зардал хэмнэх, бизнес эрхлэгчдэд таатай
нөхцөл бүрдүүлэх ач холбогдолтой юм.
БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн, Тохирлын үнэлгээний үндэсний итгэмжлэлийн
төвийн төлөөллөөс бүрдсэн
үнэлгээний баг Гаалийн төв лабораторид хийж буй магадлан шинжилгээ, түүнтэй
холбоотой өдөр тутмын үйл ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоо, баримт
бичгийн хөтлөлт, техникийн
тайлан, орчин нөхцөлийг газар дээр нь шалган танилцаж хяналт, шинжилгээ, үнэлгээ хийжээ.