ЗАВХАН: Замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцохыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. "Замын хөдөлгөөний цагаан толгой-2025" тэмцээнд сургуулийн өмнөх боловсролын 192 хүүхэд оролцжээ.
Завхан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс замын хөдөлгөөнд оролцох зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Замын хөдөлгөөний цагаан толгой" нэгдсэн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Замын хөдөлгөөний хууль, дүрмийн мэдлэгийг хөнгөн, хөгжилтэй, хүртээмжтэй байдлаар олон
нийтэд хүргэх зорилго бүхий үйл ажиллагааг энэ жил сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагуудын
суралцагчид, эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчдийг хамруулан
өргөн хүрээнд зохион байгуулсан нь онцлогтой болов.
Энэ жилийн үйл ажиллагаанд Улиастай сумын 9 цэцэрлэг, Завханмандал, Сонгино, Шилүүстэй сумын хүүхдийн 12 цэцэрлэгийн 192 төлөөлөл оролцлоо.
"Замын хөдөлгөөний цагаан толгой" тэмцээн нь хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим орчинд рийл бэлтгэж танилцуулах гэрийн даалгавартай байсан. Мөн багуудын мэндчилгээ, хамтдаа, буухиа гэсэн дөрвөн төрлөөр багууд өрсөлджээ. Тэмцээний нийлбэр дүнгээр Улиастай сумын 9 дүгээр цэцэрлэг тэргүүлж, дэд байрыг Сонгино сумын цэцэрлэг, гуравдугаар байрыг Улиастай сумын 2 дугаар цэцэрлэг, тусгай байрыг Улиастай сумын 8 дугаар цэцэрлэгийн багууд тус тус эзэллээ.
“Замын хөдөлгөөний цагаан толгой” нэгдсэн үйл
ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн оролцож, амжилттай, идэвхтэй оролцсон хүүхдүүд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд
баяр хүргэж шагналыг нь гардуулан өглөө.
Тэмцээнийг аймгийн Цагдаагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Улаан загалмайн хороо, Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын хамт хамтран зохион байгуулсан байна. Тэмцээний үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг таниулах үзүүлэх сургалт, мэдээллийг аймгийн Замын цагдаагийн тасгаас өглөө.
Энэ
жилийн тухайд зөвхөн Улиастайн бүсийн хүүхдүүдээр хязгаарлахгүйгээр сумдаас
багууд идэвхтэй оролцсон юм. Мөн жил бүр тэмцээнд хүүхдүүдийг
идэвхтэй хамруулж оролцож байгаа багуудын чадвар, олон нийтэд өгч буй мэдээлэл
нь чанаржиж, агуулга нь өргөн хүрээтэй, сонирхол татахуйц байгаа нь сайшаалтай
гэж зохион байгуулагчид дүгнэсэн.
Энэхүү үйл ажиллагаа нь Завхан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн томоохон ажлын нэг. Энэ онд тус зөвлөл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн бүтцийн дагуу ерөнхий чиглэл, тусгай чиглэл, нэг бүрчилсэн буюу тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэл, соён гэгээрүүлэх, бусад гэсэн 5 зорилтын хүрээнд, 113 ажил үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх юм гэж Завхан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээлэв.
Тэмцээний нийлбэр дүнгээр Улиастай сумын 9 дүгээр цэцэрлэг тэргүүлж, хошой аварга болжээ
Тэмцээний дэд байрыг Сонгино сумын цэцэрлэгийн "Шонхорууд" багийн хүүхдүүд эзлэв
Тэмцээний үеэр аймгийн Замын Цагдаагийн тасгийн алба хаагчид замын хөдөлгөөнд аюулгүй оролцох
үзүүлэн таниулах мэдээллийг өглөө