ХОВД: Сургуульд суурилсан хүүхэд хамгааллыг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-26 18:49:28

Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн ажил Ховд аймагт амжилттай хэрэгжиж байна.


Төслийг Хонконгийн Хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол Улс дахь хөтөлбөрийн газраас гурван жилийн хугацаанд буюу 2023-2025 оныг дуустал хэрэгжүүлэх юм.


Уг төсөлд Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, Дарви сумын сургууль хамрагдаж буй.


Орон нутагт хэрэгжиж байгаа төслийн явц, үр дүнтэй танилцахаар Хонконгийн Хүүхдийг ивээх сангийн Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал Kелен Ансоноор ахлуулсан ажлын баг Ховдод ажиллалаа.

 

Тус ажлын баг энэ сарын 24-нд Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаатай уулзжээ. Энэ үеэр аймгийн Засаг даргын хувьд хүүхэд рүү чиглэсэн төсөл хэрэгжүүлж байгаад талархаж, хамтран ажиллахаа илэрхийлсэн талаар ЗДТГ-аас мэдээллээ.    


Дээрх төсөл нь зорилтот сургуулиудын багш, ажилтан, сурагч болон тэдний эцэг, эх, асран хамгаалагч, хүүхэд хамгааллын хамтарсан багийг чадавхжуулах замаар сургуульд суурилсан хүүхэд хамгааллын механизмыг хөгжүүлэх, үр дүнтэй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах хамтын ажиллагааны загвар бий болгохыг зорьж буй.  


Төслийн хүрээнд зарим сургууль дээр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх кейс /загвар/ менежментийн аргачлал хэрэгжиж эхэлсэн, сургуулийн эцэг эхийн зөвлөл, хүүхэд хамгааллын хамтарсан баг, хүүхэд өсвөр үеийнхэн тус бүрд зориулсан гарын авлага боловсруулж, түүний дагуу ажилладаг болсон зэрэг эерэг үр дүн гарчээ. 


Связанные новости