Монгол, Унгарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Торцай Яноштой уулзлаа.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалангаас Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод илгээсэн захидлыг гардуулав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Унгарын харилцаа нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлэв. Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Торцай Янош Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг дурдаж, цаашид дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа нотоллоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартогийн урилгаар 2025 оны дөрөвдүгээр сарын 24-26-нд тус улсад албан ёсны айлчлал хийсэн юм.